Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжлээ
2018-06-20

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч УИХ гишүүн Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт хориг тавьсан юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн  Ц.Мөнх-Оргилын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа гэхэд УИХ-ын шийдвэр хүчингүй болно. Харин Д.Мурат гишүүний бүрэн эрх хэвээр байна. Ерөнхий прокурор дахин түдгэлзүүлэх асуудал оруулж ирнэ гэж ойлгож болох уу” гэсэн асуултад  “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн заалтаар “Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ тухайн УИХ-ын тогтоол, шийдвэр хүчингүй болно” гэсэн хариултыг УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, түдгэлзүүлэх хоёр тусдаа процесс. УИХ-ын гишүүнийг УИХ  түдгэлзүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргасанд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал УИХ-ын тогтоол хүчингүй болох нь. Харин Ерөнхий прокурор дахин УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх нь. Хэрвээ шалгагдаад гэм буруугүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрх сэргэнэ, гэм буруутай бол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөнө гэж ойлгож болох уу? Гэсэн асуултад “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд сэргээгдсэн тохиолдол байхгүй. Хэрвээ шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр бичгээр ирвэл түдгэлзүүлэх тогтоолоо сэргээх юм” хэмээн УИХ-ын Тамгын хуулийн зөвлөх хариулсан юм.

 

Ингээд  УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэсэн УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн буюу гуравны хоёрын саналаар уг хоригийг хүлээж авахыг дэмжлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин