Буруугийн өмнө бөхий, монголчууд аа


Хоёр өдрийн өмнө 11 настай хүү хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөрт цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн бэхэлгээгүй төмөр унаж, хүүг дарсан нь ийм эмгэнэлтэй байдалд хүргэв. Харин энэ тухай 79 дүгээр сургуулийн захиарал Ш.Болор-Эрдэнэ болох ёстой зүйл болсон мэтээр тайлбарлажээ. Ш.Болор-Эрдэнэ "Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан" хэмээн даажигнажээ.
Үүнтэй тун төстэй үйл явдал Япон улсад болов. Сургуульдаа явж байсан 9 настай охин сургуулийнхаа бассейны хашаанд даруулж энджээ. Гэхдээ манайхаас ялгаатай нь, Осака хотод болсон 6.2 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн, хашаа унаж, охины аминд хүрсэн байна. Энэ үйл явдлын дараа Осака хотын дарга, тус хотын боловсролын газрын удирдлагууд нь толгой бөхийлгөлөө. Газар дээр нь очиж, эмгэнэл илэрхийлэн уучлалт гуйж, хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн осолд толгой бөхийлгөн уучлал эрж, сургуулийн удирдлагад хариуцлага тооцохоо мэдэгдэв. Харин Монголын эрх мэдэлтнүүд яав. Сургуулийн захирал нь гэр бүлийн байдал хүнд, хараа хяналтгүй хүүхэд мэтээр ярьж, амиа алдсан хүүгээр даажигналаа. Монголын боловсролын системийн доройтол ийм зүйлээс илхэн харагдана. Хүүхэд амиа алдчихаад байхад Боловсролын сайдаасаа эхлээд сургуулийн захирал хүртлээ уучлал эрж, гэр бүлийнхэнд нь сэтгэлийн дэм өгч байх учиртай. Гэтэл сургуулиас нь холбоо бариагүй гээд хүүгийн эгч хоолой зангируулан гомдож байна. Сургууль орчмын стандарт, хамгаалалт, хүүхдийн аюулгүй орчин хаана байна вэ?!
Боловсролын салбарын нүүр царайг харуулсан бас нэг үйл явдал өчигдөрхөн болов. Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос үүдэн цөөнгүй хүүхэд ЭЕШ-аасаа хоцорчээ. Эцэг эх нь хаалга цонх тогшин гуйж, хүүхэд нь уйлаад ч шалгалт авч буй танхимын үүдээр алхуулаагүй байна. Өглөө эрт гараагүй эцэг эх, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоогүй осол гаргагчийн буруугаас болж, хүүхэд хохирсон нь энэ. Харин энэ үйл явдлыг Боловсролын яам “хэдхэн хүүхэд...” хэмээн үл тоомсорложээ.
Гэтэл Солонгос улсад элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар зөөдөг гэнэ. Хоцорч буй тохиолдолд цагдаа нар энэ ажилд оролцож, хүүхдүүдийг хүргэж өгдөг аж. Манайд бол дарга нар л маяктай машинаар зам хаалган давхидаг. ЭЕШ-аа өгөх хүүхдийг зөөнө, энэ ажилд цагдаа нарыг дайчилна гэх ухаан байхгүй.
Ойрын өдрүүдэд болсон хоёрхон үйл явдал Монголыг, боловсролын системд хөнгөхөөн дүн тавьчихлаа. Боловсролын систем хүүхдэд үйлчлэх ёстой болохоос хүүхдийн эсрэг ажиллах ёсгүй.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ