ШУУД: ХНХ-ын сайд С.Чинзориг эмнэлэгт хэвтэж байна
09.50 цагт: Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу орлоо. Тэрбээр ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзлаа. ХНХ-ны сайд С.Чинзориг эмнэлэгт хэвтэж буй аж. Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай уулзаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй байгуулсан хэлэлцээрийг бүртгэх шаардлагыг тавьсан байна. Түүнд 30 минутын хугацаа өгч, С.Чинзориг сайдтай холбоо барьж, эргэн хариу өгтөл суултаа үргэлжлүүлэхээ Б.Мягмар мэдэгдлээ.
ХНХЯ-ыг хаалгаа нээхийг шаардаж байна
09.30 цагт: Эрүүл мэндийн салбарынхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт хийж байна. Тэд өглөө 07 цагаас эхлэн суулт хийж, ХНХ-ын сайд С.Чинзоригтой уулзах шаардлагыг тавьж буй юм. Гэвч С.Чинзориг сайд одоогоор тэдэнтэй уулзаагүй байна.
Мөн хөдөлмөрийн яамныхан хаалгаа нээхгүй, түгжсэн байгаа аж. Ажилчид нь Үндэсний хөгжлийн газрын хаалгаар орж, гарч байгаа нь суугчдын бухимдлыг төрүүллээ.
Энэ талаар Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Бид замын хөдөлгөөнийг хаагаагүй. Үндэсний хөгжлийн газрын хаалгаар С.Чинзориг сайд нууцаар орж гараад байгаа юм байна. Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаанд саад учруулаагүй. Бид орох хаалгыг нээлттэй тавьж өгсөн байгаа. Бид нар дайрч орохгүй. Бидэнтэй ирж уулзахыг хүлээж байгаа. Бид ард түмэн, ард түмнийг яагаад ингэж дорд үзэж байгаа юм” хэмээн бухимдлаа.
ХНХ-ын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардсан суулт болж байна
08:30 цагт: Эрүүл мэндийн салбарын ажилтнууд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа цуглаан хийж байна. Тэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцрохыг шаардаж байна.
С.Чинзориг 2015 онд цалин нэмэхээр гарын үсэг зурсан. Энэ хүн дахиад энэ Засгийн газарт Хөдөлмөрийн сайд хийж байгаа ч чадахгүй, хийхгүй байна, худал ярьдаг сайдыг огцрохыг шаардаж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг эхлүүлэхийг шаардаж байна. С.Чинзориг сайдын өөрийн биеэр ирж, уулзаж, хэлэлцээр эхлэхээс нааш цуглаанаа тараахгүй гэдгээ хэлж байна. Мөн маргаашнаас улс орон даяар ажил хаях эрх хуулиар нээгдсэн гэдгийг Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар хэлж байна.
Сувилагч 400, эмч нар 600 мянган төгрөгийн цалин авч байна. өрнөөс өрний хооронд амьдарч буйгаа тэд хэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан энэ оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагыг тавьж буй юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ