Б.ЭНХБАЯР: Иргэд, хуулийн этгээд өөрсдөө хүсвэл мэдээллийг нь ил болгоно
2018-06-26

УИХ-аар Бүртгэлийн багц хуулиудыг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Уг хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

 

 

-УИХ-аар Бүртгэлийн багц хуулиудыг хэлэлцэж баталлаа. Бүртгэлийн багц хуулиар ямар харилцааг зохицуулж байгаа бол?

 

-Өмнө нь манайх бүртгэлийн сангаа бүхэлд нь маш нууцын зэрэглэлд байлгадаг байсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хаалттай, цаасан суурьтай лавлагаа авч ир гэж иргэдийг нааш цааш нь олон удаа явуулдаг байсан нь ачаалал болдог байлаа. 2017 онд гэхэд бүртгэлийн байгууллагуудын хүрээнд 1.2 сая цаасан лавлагаа, цахимаар дөрвөн сая лавлагаа гаргаж иргэдэд үйлчилсэн.

 

Тухайлбал, газраа болон орон сууцаа барьцаалан банкнаас зээл авах гэж байгаа хүн банкны салбар дээр очиход бүртгэлийн байгууллагаас барьцаатай эсэх талаар лавлагаа авч ир гэдэг. Зөвхөн энэ нь нийт лавлагааны долоон хувь болж байх жишээтэй. Жилдээ эд хөрөнгийн барьцааны 100 мянган цаасан лавлагаа олгодог. Шинэ хууль эрх зүйн хүрээнд иргэн өөрөө хүсээд нотариат дээр очин хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирнэ. Тиймээс лавлагаа авч ирэх гэж 2-3 дахин явуулдаг тэр бүхэн болино гэсэн үг. Иргэн бүртгэлийн байгууллага, банк санхүүгийн байгууллага, нотариат дээр нэг л очно.

 

Иргэний улсын бүртгэл дээр засаг захиргааны харьяалал харгалзахгүй үйлчлэх гэдэг зарчмын асуудал орсон. Иргэний болон Эд хөрөнгийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сан аймгийн төвүүд, улсын хэмжээнд нэгдсэн дотоод сүлжээнд холбогдсон, холбогдох мэдээллийг цахим хэлбэрт оруулсан. Дэд бүтцийг нь нэгэнт ингээд шийдэж чадсан учраас харьяалал харгалзахгүй үйлчилье гэж байгаа юм. Орон нутагт хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод амьдардаг иргэд бий. Тэд иргэний үнэмлэхнийхээ зөвхөн хаягийг солиулах гэж Улаанбаатараас аймагтаа очдог. Энэ нь иргэдэд чирэгдэлтэй, зардал мөнгө шаардсан ажил болдог тул харьяалал харгалзахгүйгээр 10 төрлийн бүртгэлийг хийдэг болно. Мөн бүртгэлийн шинэ хуулиар энгийн гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар олгоно гээд шийдчихлээ. Энэ хуулиуд арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоо хугацаа нь дуусаагүй байгаа паспортууд хүчинтэй үйлчилнэ. Гадаад паспортын хуудасны тооноос хамаарч үнэ нь өөр байна. Чиптэй болгож байгаатай холбоотойгоор үнэ нь бага зэрэг нэмэгдэхийг үгүйсгэхгүй.

 

-Багц хуулинд тулгарч буй бэрхшээлтэй зүйлс юу байна. Эд хөрөнгийн бүртгэл ихээхэн хэл ам дагуулдаг шүү дээ?

 

-Үл хөдлөх эд хөрөнгө ба газрын мэдээллийн сангийн асуудал байгаа юм. Газар ба дээрх орон сууцыг тусад нь бүртгээд 20 гаруй жил явлаа. Үүнтэй холбоотойгоор хууль, эрх зүйн ба хүний өмчлөх эрхтэй холбоотой суурь асуудлууд хөндөгдөж ирсэн. Тухайлбал, Газрын тухай хуулиар 15-60 жилийн хугацаагаар газар эзэмшихээр заасан. Амьдрал дээр Засаг дарга нар 15 жилээр, зарим дүүргийн Засаг дарга нар таван жилээр эзэмшүүлдэг. Эзэмших эрх ийм бага хугацаагаар олгогдож ирсэн. Монгол Улсад газар эзэмших, өмчлөх, ашиглах нэг сая эрхийн бүртгэл байна. Мөн орон сууцны эд хөрөнгийн бүртгэл 900 гаруй мянга бий. Орон сууцны бүртгэл нь газрын бүртгэлээсээ тусдаа дугаартай явдаг. Тус тусдаа байгууллага бүртгэдэг. Хоорондоо мэдээллээ ч солилцдоггүй. Энгийн жишээ хэлэхэд, иргэд орон сууц худалдаж авдаг. Эрсдэл талаас нь ярихад ямар нэгэн байгалийн гамшигт өртөж, гал гарч, ашиглалтын хугацаа нь дуусаад актлагдах болбол яах вэ. Даатгалгүй бол иргэн хохироод л өнгөрнө. Өмчлөх эрхтэй холбоотой гол суурь нь газар орон сууцтайгаа заавал хамтдаа бүртгэгдэж явах ёстой гэдэг ойлголт. Орон сууц худалдаж авч байгаа хүн яг юу худалдаж авч байгаа юм бэ. Газраас салангид хөрөнгө хэзээ ч баталгаатай үл хөдлөх хөрөнгөд тооцогддоггүй. Газар нь тэр хүнийх биш юм бол дээр дурдсан болон бусад эрсдэл үүсэхэд тэр хүн юу ч үгүй болж үлдэнэ. Өнөөдрийг хүртэл цуглуулж бий болгосон капитал үгүй болно. Бусад орнуудад орон сууцны доорх талбай алга дарам байна уу, нэг метр квадрат байна уу гэдгээс үл хамаараад орон сууцных нь хэмжээнд дүйцүүлээд тэр хүнд нь эзэмшүүлдэг. Эрсдэл үүслээ гэхэд тэр хүн алга дарам газартайгаа үлдээд газар эзэмшиж байгаа бусад хүмүүстэйгээ нийлэн дахин орон сууц барих асуудлаа шийдэх боломжтой болдог. Тиймээс бид энэ суурь асуудлуудыг шийдэх ёстой. 2002 оны Иргэний бүртгэлийн хууль уг нь газар ба үл хөдлөх хөрөнгийг хамтад бүртгэнэ гэж гарсан. Харамсалтай нь газрын асуудлаа өөрөө мэдэх гэсэн салбарын амбиц, тухайн эрх мэдэлтнүүдийн цаанаа авлига байхыг үгүйсгэхгүй. Цаагуураа газрыг зарж, наймаалах зорилгоор бүртгэлийн хяналтгүйгээр явуулах алхмууд өнгөрсөн хугацаанд хийгдсэний гороор өнөөдөр бүртгэлүүд тус тусдаа хийгддэг болсон. Тусгай хамгаалалттай газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэлд, уул уурхайн газрууд нь Уул уурхайн сайдын эрхлэх асуудал, бэлчээрийн газар нь Хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудал, эрхийн бүртгэл нь Хууль зүйн сайд, хот суурин газрын газар нь Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудалд гээд яамдуудад тараачихсан. Газар, барилгыг хамтад нь бүртгэдэг болъё гээд хууль орж ирэхэд Барилга хот байгуулалтын яам сая ямар их амбиц гаргаж нураах гэж үзэв. Яагаад хяналтгүйгээр цааш нь явуулах гээд байсан юм. Үүний цаана ямар эрх ашиг байгаа юм. 2003 онд Газрын хууль хэрэгжин эзэмшүүлж эхэлсэн 15 жилийн хугацаа нь одоо эхнээсээ дуусч байна. Гэтэл дээр нь асар үнэтэй орон сууцуудыг хувь хүмүүс худалдаад авчихсан байдаг. Эхнээсээ шүүхийн маргаанууд гараад эхэлсэн. Ийм байдлаар цаашаа таван жил явахад л манай улсад жинхэнээсээ хөрөнгийн зах зээл маш том хаос, эрсдэлд орохоор байна.

 

-Иргэд төрөөс хэдэн төрлийн лавлагаа авдаг вэ. Цахимд шилжүүлснээр хэд болж буурч байгаа бол?

 

-Бүртгэлийн байгууллага 122 төрлийн мэдээллийг төвлөрүүлдэг. Үүнээс одоогоор иргэдэд бүрэн нээлттэй, ил тод болгосон нь ердөө 10. Энэ 10 төрлийн мэдээллийг авч байгаа байдлыг авч үзэхэд ТҮЦ машинаар нэг сая орчим, ХУР систем Үндэсний дата төвөөр дамжуулаад цахимаар буюу интернэтээр нээлттэйгээр авч байгаа тоо жилдээ дөрвөн сая болж байна. Үүнээс үзэхэд ямар их эрэлт хэрэгцээтэй мэдээлэл байна вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, иргэний хаягийн мэдээлэл байна. Барьцаа, хөрөнгийн шинжилгээ хийлгэлээ гэхэд хорооны Засаг даргаасаа оршин суугаа хаягийнхаа лавлагааг авч ир гэдэг. Тэр хүн өөрөө зөвшөөрөөд хурууны хээгээ уншуулахад гэрийн хаяг нь гарч байх ёстой байхгүй юу. Бүртгэлийн багц хуулиуд батлагдсан тул төрийн үйлчилгээний 70 орчим хувийг үзүүлдэг бүртгэлийн асуудал тэр хэрээрээ иргэдэд түргэн шуурхай болно.

 

-Хуулийн этгээдийн улсын бүртгэл олны анхааралд байдаг. ТББ-уудаас эхлээд явуулж буй үйл ажиллагааны чиглэлийг аваад үзэхээр гайхмаар статистик сонсогддог...

 

-Манай улсад 170 гаруй мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас тайлан мэдээ гаргаад тогтмол үйл ажиллагаа гаргаад явдаг нь үлэмж бага. 11 жилийн өмнө манай улсад 5000 ТББ байсан. Одоо 18 мянга гаруй ТББ-тай болсон. Энэ олон ТББ-ын цаана юу байна вэ гэдэг нь өөрөө сонирхолтой. Компани хэлбэрээр явахаар татвар төлөх гээд байдаг учраас татвар төлөхөөс зайлсхийж ТББ нэрээр явдаг. Компани, ТББ-ын цаад үр дагавар нь ямар байдаг вэ гэдгийг мэдэхгүйгээр хэдэн төгрөг татварт өгөхгүй гэдэг зорилгоор ТББ өөрсдийнхөө хөрөнгийг маш том эрсдэлд оруулж байгаа юм.

 

Бөхийн өргөөг хар л даа. Ганц ТББ-ынх. Байшин нь яасан ийсэн гээд маргаад байна. ТББ-ын цаана маш их асуудал бий. Үүнтэй уялдуулан шашны байгууллагын асуудлыг оруулж ирнэ. ТББ-ын халхавчин доор шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлдээ ТББ-ууд нь төрийнхөө дээр гараад сандайлах нь. Тиймээс хуульчилж журамлах цаг нь болсон. Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдье гэхээр халгаад байдаг байсан.

 

Учир нь манай 76 гишүүн ямар нэгэн ТББ-ын тэргүүн байдаг юм байна. Бүгдийнх нь эрх ашиг хөндөгддөг байсан учраас хуулийг нь өргөн барьдаггүй байсан юм билээ. 10 жилийн өмнө манай ТББ-ууд гадаадаас санхүүждэг хэлбэр нь 50 хувь хүрдэггүй байсан бол одоо 80 хувьд хүрсэн. Үүнээс үзэхэд манай улсын ТББ уу, гадаад улсаас санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчийн газрууд уу гэдэг хэмжээндээ хүрсэн. ТББ нэрийн доор үндэсний аюулгүй байдалд заналхийлж, үндэстнийг хагалан бутаргах магадгүй цаана нь далд зорилготой хэлбэр цагаандаа гарч эхэллээ.

 

-Иргэдийн мэдээллийг цахимд орууллаа гэхэд хэрхэн нууцлах юм бэ. Хакердаад ч юм уу, иргэдийнхээ бүртгэлийг тэр чигт нь алдчих вий гэсэн болгоомжлол байна. Ялангуяа сонгуулийн өмнө энэ асуудал гарахыг үгүйсгэхгүй юм л даа?

 

-Бүртгэлийн багц хуульд хэд хэдэн зорилт бий. Хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх гэж байна гээд бид мэдээллийн аюулгүй байдлаа алдаж болохгүй. Тиймээс нэгдүгээрт, бүртгэл үнэн зөв байх ёстой. Давхардал байх ёсгүй. Хүн засварлах, хакердах боломжгүй байдлаар шийдэх ёстой. Хоёрдугаарт, мэдээллийн аюулгүй байдал дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Дэд бүтцийг бий болгоход онлайн системд тавигдаж буй фэйсбүүк ч юм уу, мэдээллийг өөрчлөөд тавьж болдог юм шиг ойлгож болохгүй. Дотроо хоёр, гурван шат дамжлага бий.

 

Мэдээллийн бүртгэлийн үндсэн дата бааз интернэт орчноос бүрэн тусгаарлагдсан хэлбэрээр хадгалагддаг. Энэ үндсэн дата баазаас хуулбар буюу копи хуулбарын заримыг нь Үндэсний дата төв байршуулж тэндээс иргэд мэдээллийг авдаг. Олон нийтийн сүлжээ буюу интернэтэд холбогдсон мэдээллийн баазыг хакердах оролдлого хийсэн ч үндсэн дата бааз аюулгүй байна гэсэн үг. Мөн үндсэн дата баазыг хоёр гурван хэлбэрээр хадгалдаг. Тэр нь сервер хэлбэрээрээ интернэтэд холбогдохгүй хадгалагдана. Үүнийхээ хуулбар хувийг мөн тусад нь хадгална. Иргэдэд зориулсан интернэтэд холбогдсон хуулбар хувийг ашиглуулна. Үндсэндээ гурван янзын аюулгүй байдлыг хангасан бүтэц бий. Энэ нь бүхэлдээ эрсдэлд орлоо гэхэд цаасан суурьтай архив байж байна.

 

-Та улсын бүртгэлийн лавлагаа нээлттэй болсон гэдгийг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Нээлттэй болсон гэхээр ямар ч хүн хэн нэгний лавлагааг очоод үздэг болж байгаа юм уу. Тухайлбал, би гүйж очоод таны лавлагааг харчихаж болно гэсэн үг үү?

 

-Урьд нь бүхэлдээ маш нууц гэж байсан бүртгэлийн мэдээллийг гурав ангилсан. Нэгдүгээрт, хаалттай мэдээлэл. Энд иргэдийн хурууны хээний сан, гэрч хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалсан нэр, хаяг, улсын нууц объектын бүртгэл багтана. Хоёрдугаарт, бүрэн нээлттэй мэдээлэл. Энд эзэмшиж, ашиглаж, өмчилж буй газрын хэмжээ, байршил, солбицол, барьцаалагдсан эсэх мэдээлэл орно. Харин таны асууж буй тэр газар юм уу орон сууц яг хэний нэр дээр байна гэдэг нь хязгаарлагдмал мэдээлэл буюу гурав дахь ангилалд багтана. Хэрэв иргэн өөрөө зөвшөөрвөл энэ мэдээлэл шууд нээлттэй өгөгдөнө. Жишээ нь, иргэн нотариат дээр очлоо. Хурууны хээгээ уншууллаа. Бүх мэдээлэл нь гарна. Яагаад гэвэл хурууны хээгээ уншуулснаараа тухайн иргэн өөрөө мэдээллээ харахыг зөвшөөрч байна гэсэн үг. Тийм учраас түүнээс дахин лавлагаа шаардахгүй болчихож байгаа юм.

 

-Бидний хэрэглэдэг иргэний үнэмлэхний чипэнд иргэдийн мэдээллийг суулгана гэж анх хэлж байсан. Иргэний үнэмлэхний чипэнд ямар ямар мэдээлэл багтсан бэ?

 

-Үнэндээ одоо бидний хэрэглэдэг иргэний цахим үнэмлэх нэрэндээ таарсан цахим байж чаддаггүй. Анх хийхдээ үнэмлэхэн дээр байгаа чип буюу санах ойг нь их бага багтаамжтай хийчихсэн юм билээ. Иргэний зураг, овог нэр, регистр, хаяг төдийхөн мэдээлэлтэй зүйл яаж өргөн хэрэглээнд ашиглагдах вэ дээ. Энэ санах ойн багтаамжийг тэлж байж илүү их мэдээлэл оруулж, тэр хэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Энэ зорилгоор гурван сая иргэнийхээ үнэмлэхийг шинэчилнэ гэвэл иргэд хүлээж авахгүй л дээ. Хэдэн нөхдүүд бизнес хийж байна, шахаа хийлээ л гэнэ. Нөгөө талаар энэ маш их цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан нүсэр ажил болж хувирна. Швед улс иргэнийхээ үнэмлэхийг гарын арьсанд нь чип суулгаж шийддэг боллоо гэдэг мэдээ харсан уу, та. Ийм хурдтай технологийн эринд амьдарч байна шүү дээ. Тиймээс иргэдэд хүндрэл учруулахгүйгээр санах ойг нь тэлье гээд бид зориод шийдчихсэн. Та ч мэдээгүйгээр одоо таны иргэний үнэмлэхний санах ой өмнөхөөсөө хоёр дахин их багтаамжтай болчихсон байгаа.

 

-Багийн дарга, эсвэл хорооны Засаг дарга нар дөрвөн жилийн хугацаагаар томилогддог. Энэ хугацаандаа иргэдийн мэдээллийг бүгдийг нь харчихаад өөрт нь дургүй ч юм уу, хүний мэдээллийг гаргаж аваад янз бүрээр шахаж, дарамталвал яах вэ?

 

-Засаг даргад бүртгэлийн хязгаарлагдмал мэдээллийг үзэх эрх байхгүй. Хууль хяналтын буюу шүүх, прокурор, мөрдөх байгууллагууд хүсэлт гарган үнэгүй авах эрх нь угаасаа байгаа. Энэ дээр нэмээд нотариатаар дамжуулан тухайн газар ба орон сууцны өмчлөгч, иргэн, хуулийн этгээдийн хаягийг ганцхан зорилгоор авах эрхийг сая шинэ хуулиар нээлээ. Иргэд иргэний журмаар шүүхэд хандах гэхээр нөгөө хүнийхээ хаягийг мэддэггүй. Шүүх болохоор нэхэмжлэлдээ хаягийг нь бич гээд буцаадаг. Хаягийг нь олж чадахгүйгээс болж тэр хүн зөрчигдсөн эрхээ сэргээх, хамгаалуулах эрхээ хасуулаад байж таарахгүй. Мөн эд хөрөнгийн барьцаалагдсан эсэх мэдээллийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрсдэлд оруулахаас сэргийлж харах эрхийг мөн нотариатаар дамжуулж олгож байгаа. Жишээ нь, барилгын компаниуд дуусаагүй барилгыг ихээр банкинд барьцаалж зээл авдаг. Банк тэр компани цаашаа иргэдэд яаж гэрээ хийж зарж буйг сонирхдоггүй. Иргэд ч орон сууц захиалахдаа тухайн орон сууцыг банкинд барьцаалагдсан эсэхийг мэддэггүй. Мэдье гэсэн ч мэдээлэл нь хаалттай байдаг. Үүний гороор өнөөдөр хэдэн мянган иргэн захиалсан орон сууцныхаа төлбөрийг 100 хувь төлсөн ч үл хөдлөхийнхөө гэрчилгээг авч чадахгүй хохироод байж байна. Яагаад гэхээр байшин нь бүхэлдээ банкны барьцаанд байж байдаг. Ингэж болдог юм уу. Яагаад барьцааны мэдээллийг ингэж нууж иргэдээ эрсдэлд оруулж хохироож байх ёстойн бэ. Мөн үүнийг далимдуулж хуурамч гэрчилгээ хийж иргэдийг залилах гэмт хэрэг яаж даамжирч байна сүүлийн үед. Төрийн үүрэг бол иргэдээ хамгаалах. Тийм ч учраас өөрсдөд нь сонголтоо хийх эрхийг нь олгоё гэж байгаа юм. Банкинд барьцаалагдсан орон сууц захиалах уу, үгүй гэдгээ өөрсдөө шийдэг. Тэгэхдээ мэдэж шийдэг. Тэгэж байж эрсдэлээ өөрсдөө даая л даа.

 

-Иргэд иргэний үнэмлэхээ хаядаг. Үнэмлэхээ хаялаа гэхэд ямар ямар мэдээлэл хаягдана гэсэн үг вэ. Иргэний үнэмлэхийг нь олсон хүн тухайн хүний мэдээллийг харж болох уу?

 

-Ямар ч боломжгүй. Иргэний үнэмлэхийг цахимаар унших тоног төхөөрөмж нотариат гээд эрх бүхий этгээд дээр л байрлана.

 

-Хувь хүний нууцыг хуулиар хамгаалдаг. Бүх зүйл ингээд нээлттэй болчихоор иргэдийн мэдээлэл нууц биш болох уу?

 

-Иргэний гэрийн хаяг, хурууны хээ, хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээллийг бүгдийг ил болгочихгүй. Би сая хэллээ. Өөрөө зөвшөөрөөд хурууны хээгээ уншуулбал нээлттэй байна. Банкин дээр зээл авах гээд очлоо. Та өөрөө зөвшөөрч л хурууны хээгээ уншуулна. Тэр банк танаас энд тэндээс лавлагаа аваад ир гэж явуулахааргүй л болгож байгаа байхгүй юу. Тухайн банкинд таны уншигдсан мэдээллүүд хадгалагдахгүй, харагдаад, мэдээллээ нягтлаад банкинд архивлагдахгүйгээр шууд устгагддаг байдлаар техникийн шийдлийг нь хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг л удаа тухайн банкиндаа ашиглагддаг байдлаар. Тэрнээс биш арилжааны банк бүх бүртгэлийн мэдээллийн санд нэвтрээд, мэдээллийг нь хуулаад байх ямар ч боломжгүй байдлаар асуудлыг шийдэж байгаа.Гол нь ТҮЦ машинаас аваад ир гээд шаарддаг хэрэгцээ шаардлагыг нь үгүй хийчихэж байгаа юм.

 

-Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэй болгоно гэсэн. Юу юугүй тэр тэдэн машинтай, тэр тэдэн байртай гээд хөрөнгө орлогыг нь зарлаад сүйд хийх юм биш үү?

 

-Одоо төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээлэл нээлттэй л байдаг. Тэр орон сууц яг хэний нэр дээр байгаа вэ гэдгийг түрүүний хэлсэн бизнесийн эрсдлээс сэргийлэх зорилгоор л нотариатаар дамжуулж олгоно. Нарийвчилсан журмыг Засгийн газар батална. Зарчмын хувьд хэн ч үзэж харах боломжгүй бүрэн хаалттай байлаа шүү дээ өнгөрсөн хугацаанд. Яг хааж байсан уу гэвэл үгүй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын нөхдүүд манай улсын бүртгэгч, бүртгэлийнхнээс утасдаад л барьцаалагдсан байдлыг нь мэдчихдэг л байлаа. Аргагүй шүү дээ, барьцаалагдсан эсэхийг мэдэж байж тэр газар, орон сууц зарагдаж таарна. Ийм суурь хэрэгцээг хаах ямар ч боломжгүй.

 

-Газар ба үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж, барьцаалсан бүх мэдээлэл ил болчихоор би таныг ямар газар, үл хөдлөх эзэмшиж байгааг очоод үзчихэж болох юм уу?

 

-Тухайн газар ер нь өмчлөлд юм уу, эзэмшилд байна уу, эсвэл барьцаалагдсан байна уу гэдэг мэдээлэл бүрэн ил байна. Гар утсаараа ороод шууд харж болно гэсэн үг. Харин тэр газар юм уу, орон сууц яг хэний өмчлөлд байгаа вэ гэдэг нь ил гарахгүй. Энэ бол таны асуугаад байгаа хувь хүний нууц. Өөрөө зөвшөөрвөл бүрэн нээлттэй. Ганц тохиолдолд, ганцхан нотариатаар дамжуулж хэн дээр байгааг нь харж болно. Би орон сууцаа зарах зар тавьсан бол түүнийг сонирхож буй хүмүүс эрсдэлээ хамгаалах зорилгоор нотариатаар дамжуулж харах эрхтэй болж байна. Хэрэв нотариат дураараа өмчлөгчийн нэрний мэдээллийг үзэж задалбал Эрүүгийн хариуцлага ногдуулна.

 

-Төрийн өмчийн ерөнхий хуулийг ирэх намар оруулж ирнэ гэсэн. Төрийн өмч бүртгэлгүй явж ирсэн юм уу?

 

-Үнсдэн хуульд төрийн өмч ард түмний мэдэлд байна гээд биччихсэн хэд хэдэн зүйл бий. Газар, газрын хэвлий, ой мод, ус, байгалийн баялаг төрийн өмч, ард түмний мэдэлд байна гээд заачихсан. Гэтэл үүнийг зохицуулсан Төрийн өмчийн ерөнхий хууль байдаггүй. Намрын чуулганаар манай яамны зүгээс уг хуулийг оруулж ирнэ. Нэгдүгээрт, эдгээр асуудал ямар суурь концепциор байх вэ гэдгийг зохицуулж өгнө. Хоёрдугаарт, манай улс хувийн өмчөө бүртгээд байдаг хэрнээ төрийн өмчийг бүртгэдэггүй байсан. Төрийн өмчийн компаниуд улсын бүртгэлд огт бүртгэлгүй байж ирсэн. Газар, байшингаасаа эхлээд бүртгэлгүй байсан болохоор үүний сиймхийгээр луйварчид ашиг хонжоо хайсан хүмүүс сургууль, цэцэрлэгийн газруудыг зардаг. Улаанбаатар төмөр зам гэхэд өнгөрөгч намар авто зогсоолыг цагдаагийн хүчээр чөлөөллөө шүү дээ. Тэр газар нь ямар бүртгэлгүй, гэрчилгээгүй явж ирсэн байдаг. Тиймээс дур зоргоороо рекетчин нөхөр хүчээр газрыг нь хашаад хүмүүст автомашины зогсоол болгон түрээслээд мөнгө авдаг байсан. Энэ мэтчилэн зүйлсийг бүгдийг нь бүртгэнэ. Мөн төрийн өмчит компаниудын хөрөнгө ямар ч бүртгэлгүй. Хэдэн төгрөгөөр үнэлэх юм гэдэг нь байхгүй учраас хулгай луйвар нь тэнд явдаг. Зөвхөн балансын үнээр бүртгэдэг. Төрийн өмчийг хувьчлахтай холбоотой асуудал Их хурлаар орж ирэхэд гишүүд бага үнээр үнэлсэн байна, балансын үнэ нь тэд байна гээд яриад байгаа нь төрийн өмчөө бүртгэдэггүй байсантай холбоотой. Сууриар нь асуудлуудыг шийдэхгүй бол гинжин урвал мэт холбоотой болсон. Бүртгэлийн хуулийн бас нэг онцлог нь төрийн өмчийн бүртгэлийг заавал бүртгэхээр оруулж ирсэн юм.

 

Ярилцсан: Сэтгүүлч Э.Энхболд /Өдрийн сонин/

 

Shuud.mn
Сонин хачин