Хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авах нь БУРУУ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Татварын багц хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тус холбооноос Татварын хуулинд ард, иргэдийн хүлээж байсан олон зүйл заалтыг орхигдуулсан байна гэж үзжээ.

МҮЭХ-ноос “Монгол Улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь тодорхой хуримтлал, өөрийн гэсэн өмчгүй байна. Татварын бодлого тухайн улс орны баялгийг тэгш хувиарлах Төрийн оролцох хамгийн том механизм байдаг. Гэтэл татварын хуулин дээр бодлогын дорвитой өөрчлөлт хийгээгүй байна. Нийт 1 сая 300 мянган хөдөлмөр эрхэлж байгаа хүн өнөөдөр авсан талханд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ, цалингаас авч байгаа татвараас ямар хөнгөлөлт, боломжуудыг гаргаж ирэх вэ гэдгийг хүлээж байсан. Харамсалтай нь хүлээлт талаар болж, олон заалтыг тусгаагүй байна. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ-аар бодлогын өөрчлөлт хийхийг шаардаж байна.
Өнөөдөр ард, иргэдийн хүүхдийн хадгаламж, сургалтын төлбөр, “Приус” машин, нэг өрөө байрны урьдчилгаа хийх гэж хадгалж байгаа багахан хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авдаг. Бага орлоготой хүмүүсийн хувьд 10 хувь гэдэг өндөр хүү. Энэ нь далд эдийн засаг бий болгох үндэс болно. Өнөөдөр ард иргэд гадаадад 7-8 жил ашигласан автомашин худалдан авч унах эдийн засгийн чадвартай байна. Гэтэл энэ машинд хамгийн өндөр татвар төлдөг. Тэгвэл 200-300 сая төгрөгөөр машин авч байгаа хүмүүсээс илүү өндөр 100 хувийн татвар авах хэрэгтэй” гэж үзэж буйгаа хэллээ.
Иймд тус холбооны зүгээс татварын багц хуулинд дорвитой өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ