Морин хуураа дээдлэх долоо хоног
2018-06-26

Морин хуурын олон улсын VI наадам энэ сарын 30-наас долдугаар сарын 5-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар наадмын зохион байгуулагчид өнөөдөр /2018.06.26/ мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn


Дэлхийн морин хуурын холбооноос морин хуурын наадмыг 2008 оноос эхлүүлсэн. Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр морин хуурын олон улсын наадмыг зохион байгуулах гэж байна. Морин хуурыг дэлхий дахинд дэлгэрүүлэх зорилгоор энэхүү уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг.

 

Наадмын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг байсан бол энэ жил зургаа, долдугаар сар дамжин зохион байгуулагдах болсон. Учир нь долоодугаар сарын 6,7,8-нд “Мөнх тэнгэр” монгол туургатны соёл урлагийн их наадам болохтой холбогдуулан энэхүү наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Өмнөх жилүүдэд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болж байсан. Энэ жилийн хувьд урлаачдын уралдаан болон хэлэлцүүлэг болохоор төлөвлөгдөж байна. Өмнө нь заалт танхим сургуульд болж байсан бол энэ удаад наадмын нээлт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болно. Долоодугаар сарын 5-ны 20.00 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээ зохион байгуулагдана.Тиймээс морин хуурын олон улсын наадам анх удаа олон нийтэд нээлттэй хүрэх юм” гэв.

 

Уралдаанд ӨМӨЗО, Буриад, Монгол зэрэг орны 50 гаруй морин хуурчин оролцох юм байна. Наадмын нээлтийн тоглолтод таван мэргэжлийн таван байгууллагын хөгжимчид оролцож, сүүлийн хоёр жилд туурвисан шилдэг бүтээлээ толилуулах ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин