“Да хүрээ”-г нүүлгээд АСУУДАЛ шийдэгдэхгүй  
2018-06-28

Авто худалдааны Да хүрээний захыг нүүлгэх тухай яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Нийслэл, дүүргээс ажлын хэсэг гарч, тус захыг нүүлгэхээр ажиллаж байгаа ч авто худалдаачдын эсэргүүцэлтэй тулгарч буй. Цайз захын уулзвараас Шар хадны эмнэлгийн тойрог хүртэлх талбайд 164 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Да хүрээ авто зах аж. Энэ зах нийт 6.5 га талбайг хамардаг.  Тус зах орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тиймээс зөвхөн Да хүрээ захыг нүүлгээд тус газарт эмх цэгцтэй байдал орохгүй гэдгийг Баянзүрх дүүргийн ИТХ-аас байгуулагдсан ажлын хэсгээс мэдээллээ. Харин 164 аж ахуйн нэгж бүгд нүүх эсвэл нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байж тухайн нутаг дэвсгэрт эмх цэгц тогтоно гэж тус ажлын ахлагч Д.Дэмбэрэл хэллээ.

 

Ажлын хэсгээс Да хүрээ захын нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж, нийтийн эзэмшлийн талбай болон явган замыг чөлөөлжээ. Мөн замын цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, 25 байршилд замын тэмдэг тэмдэглэгээ шинээр хийлгэж байна.

 

Зөвшөөрөлгүйгээр газрыг хашаалж, бусдад түрээсэлж байсан зөрчлийг утс ажлын хэсэг илрүүлсэн байна. Нийтдээ 40 байршилд зөвшөөрөлгүй газрыг хашаалсан зөрчил илрүүлж, нийслэл, дүүргийн мэдэлд үлдээхээр санал хүргүүлжээ. Ингэхдээ тус газруудад 800-1000 автомашины зогсоол хийхээр төлөвлөж буй аж. Мөн стандартын шаардлага хангаагүй обьектод тос масло, шатах бүтээгдэхүүн зарж байсан 40 гаруй аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоожээ.

 

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэвэгмид “Да хүрээ зах газрынхаа 90 хувийг цементэлсэн учраас хөрсний бохирдолгүй. Бусад захууд нь асфальтлаагүй учраас тос масло, химийн бодис нь шууд хөрсөнд шингэдэг” гэсэн мэдээллийг өглөө.

 

Тус ажлын хэсэг Да хүрээ захыг нүүлгэхийг урьдал болгохгүй байгаа гэнэ. Эхний ээлжинд нийтийн эзэмшлийн зам  талбайг чөлөөлнө. Дараа нь айлын хашаанд засвар үйлчилгээ явуулж, машин задалж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэдгээ хэлэв.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Дулам:
Хуучин машины дамчдыг үнэхээр дийлэхийг хүсэхгүй л дээ. Яг шдээ бохирдол үүсгэдэггүй ч гэх шиг!!! Эрүүл аюулгүй байдал бүрэн хангагдсан уу??? Яасан өөдөө гардаггүй новшийн дамчид вэ??? Зайлуулаач дээ
2018-06-28
Болд:
Төр төр биш болж, хэдэн машины ченжийг дийлэх төр алга, Тэгэхээр төрийн бодлого гэж хөх инээд хүргэсэн ЭЛИЙРЭЛ
2018-06-28
Zochin:
Asuudal siidegdene.
2018-06-28