Эмнэлгүүд ажил хаялтад нэгдэх үү

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяхад 21 цаг үлдсэнийг өнөөдөр мэдээллээ. Хот, хөдөөгийн эмнэлгүүд ажил хаялтад бэлтгэж, зохион байгуулалтад орж буй аж. Эрүүл мэндийн салбарынхан цалингаа 50-иас багагүй хувиар нэмэх шаардлагыг тавьж, төв талбайд ес хоног суулт хийсэн. Мөн үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа цуглаан хийж, эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг баталгаажуулахыг шаардсан юм.
Тэдний тэмцэл үргэлжилж одоо ажил хаялтандаа тулаад байна. Энэ ажил хаялтад улсын томоохон эмнэлгүүд хэрхэн оролцох талаар бид тодрууллаа.
Нэгдүгээр эмнэлгийнхэн ажил хаяна
Улсын клиникийн төв эмнэлгийнхэн ажил хаялтад нэгдэнэ гэдгээ хэллээ. Бүх ажилчид болон удирдлагууд нь ажил хаялтад оролцох аж. Мөн ээлжээс буусан болон амралттай байгаа хүмүүсээ ч жагсаалд оролцуулна гэдгээ нэгдүгээр эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Цэцгээ хэллээ. Харин тухайн үед ажиллах хүмүүс нь ажил хаялтад нэгдэж байна гэсэн таних тэмдэг зүүж, эмнэлгийн үйлчилгээгээ тасралтгүй үзүүлэх юм байна.
Мөн тэрбээр “Эрүүл мэндийн салбарынхан сүүлийн зургаан сар тэмцсэн ч бидний тэмцэл ямар ч үр дүнгүй болоод байна. Бидний гол зорилго цалин мөнгөө нэмүүлэхдээ биш 2014-2018 оны хугацаанд эмч нарын цалин 40-50 хувиар буурчихаад байна. Цалингийнхаа энэ зөрүүг буцаан авмаар байна” гэв.
Эх нялхасын эмч нар ажил хаяхгүй
Харин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн ажил хаялтад оролцохгүй гэдгээ хэллээ. Өглөөний 08 цагийн үед тус эмнэлгийн хүлээн авахын ажилтан П.Баттогтох “одоогоор бидэнд дээрээс мэдэгдсэн зүйл алга” гэсээр биднийг угтав.
Тус эмнэлгийн хүний нөөцийн албаны дарга П.Отгонгэрэл ажил хаялтад оролцохгүй гэдгийг хэллээ. Тэрбээр цааш нь “үйлдвэрчний эвлэлээс бидэнд ажил хаялтад оролцох шаардлагыг тавьж байгаа ч бид өвдөөд ирсэн хүүхдүүдийг хаяад явж чадахгүй. Манай эмнэлэг III шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг учраас хүндэрсэн хүүхдүүд, хүндэрсэн жирэмсэн эхчүүд ирдэг. Цалингаа нэмүүлэхийн төлөө тэднийг хаяад явж чадахгүй. Гэхдээ бид ажил хаялтыг дэмжинэ” хэмээн ярилаа.
Сэхээний тасаг хэвийн ажиллана
П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийнхэн маргаашийн ажил хаялтанд оролцохоо хэллээ. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг “Маргаашийн ажил хаялтанд манай эмч, ажилчид оролцоно, жагсана. Улс орон даяар ажил хаялт хийх нөхцөл бүрэн бүрдчихээд байна. Гэхдээ амь тэмцсэн сэхээн амьдруулах, яаралтай тусламж үйлчилгээний тасгууд хэвийн үйл ажиллагаагаа явуулна” гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр ажил хаялтын гол зорилго нь цалингаа нэмүүлэх биш гэдгийг ярив. Харин ч цалин өмнөхөөсөө буурсаар байгаа байгаа асуудлыг Засгийн газар шийдэхгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийллээ.
О.Төгөлдөрмаа
А.Ариунжаргал
Ч.Нандинцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ