Хот хоорондын тээврийнхэн 2-12 мянган төгрөгөөр үнээ нэмнэ
2018-07-06

 

Шатахуун түгээх станцууд /2018.06.27/ үнэээ нэмсэн. Шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан авто тээврийн салбарт ажиллаж байсан зөвлөх инженерүүд болон Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажиллаж байсан мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Тэд бүтээн байгуулалтын улирал, баяр наадам, амралт зугаалгын цаг үеийг тааруулж, шатахуун импортлогчид шалтгаангүй үнээ нэмсэн гэж үзэж буйгаа хэлэв.

 

Шатахууны үнэ нэмэгдсэн нь ард, иргэдэд хүнд дарамт болж байна. 2018 онд шатахууны үнэ гурван удаа нэмэгдлээ. Иймд нэмэгдсэн үнийг нэн яаралтай бууруулахыг хэвлэлийн хуралд оролцогчид Засгийн газраас шаардаж байлаа. 

 

Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат “Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тариф долоодугаар сарын 10-наас эхлээд 2-12 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тээвэрлэгч аж ахуй нэгжүүд Зам тээврийн, хөгжлийн яаманд мэдэгдлээ өгсөн байна. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн гурван цэгт захиалгат орон нутгийн ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ гүйцэтгэдэг. Нарантуул захаас нэг килограмм ачааг төвийн аймгууд руу 500-800 төгрөгөөр тээвэрлэдэг байсан бол одоо 1000 төгрөгөөр ачихаар болсон байна. Зүүн аймгууд руу нэг килограмм ачааг 800 төгрөгөөр ачдаг байсан бол одоо 1500 төгрөгөөр ачихаар болжээ. Ингэснээр орон нутагт бизнес эрхэлж буй иргэдэд маш том дарамт болно. Тэгэхээр эрх баригчид үнэ тогтворжуулах хөтөлбөрийг нам харгалзахгүйгээр үргэлжлүүлэхийг хүсч байна” гэв.

 

Энэ оны эхний нэгдүгээр сард АИ 92 бензин орон нутагт 1600-1800 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр Завхан аймагт 2260 төгрөг болж  өссөн байна. Засгийн газрыг шатахуун импортлогчид удирдаж байна гэж үзэж байгаа тул долоодугаар сарын 9-нд өдийн 12.30 цагт, орой 18.30 цагт Нийслэлийн төв замаар зорчиж яваа автомашины жолоочдыг бүх нийтээр дуут дохиогоо дуугаргаж, шатахууны өсөлтийг эсэргүүцэхийг уриалав.

 

Баруун аймагт 20 хувиар түлшний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан хот хоорондын тээвэр эрхлэдэг 60 аж ахуй нэгж долоодугаар сарын 9-нөөс эхлээд зорчигч болон бараа тээвэрлэлтйин үнээ нэмнэ гэдгээ Зам тээврийн хөгжлийн яаманд мэдэгдсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин