Монгол Улс бодлогоо Азийн улс орнуудад таниулж чадлаа
2018-07-06

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо.

 

 

“Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй  төлөөлөгч оролцсон юм.

 

Бага хуралд оролцогч улс орнууд гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, хурлаас гарах  “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” баримт бичгүүдэд тусгуулан батлууллаа.

 

 

Мөн Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг чухалчлан үзэж, “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвээр хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж, бусад улс орны тэргүүн туршлага, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм.

 

 

 

Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын  тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори,  нар  оролцож, үг хэллээ. Шадар сайд Ө.Энхтүвшин хааж хэлсэн үгэндээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үндсэн 5 хуралдаанаас гадна  техникийн 6, сэдэвчилсэн 8, салбар 55 хуралдаан болж, бүс нутгийн болон үндэсний түвшинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, дэлхийн тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр батлагдан гарсан бодлого, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, улс орнуудын гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник технологийн хэрэглээ, нийгмийн хамгаалал, жендер, салбар дундын оролцоо зэрэг олон сэдвийн хүрээнд  хуралд оролцогч бүс нутгийн улс орнууд олсон ололт, амжилт, туршлага, сургамжаа хуваалцлаа. Монгол Улсын Засгийн газар Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулагчийн хувиар “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүсийн төлөвлөгөө”-г орон нутгийн, үндэсний болон бүс нутгийн хэмжээнд та бүхэнтэй түншлэл, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт Монгол Улсын манлайлал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилтыг олон улсад таниулах, харилцан туршлага солилцох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийг олгосон энэхүү хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн бүс нутгийн улс орнууд, хамтран ажилладаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.” хэмээн онцлон тэмдэглэв.

 

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин хаалтын хуралдааны төгсгөлд ирэх 2020 онд  Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах эрхийг авсан Австрали Улсын төлөөлөл Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд, хатагтай Кончетта Фиэрраванти-Вэлст амжилт хүсч аливаа ажил үйлсийг шинээр эхлүүлэхээс өмнө амжилтыг бэлгэддэг буянт малын дөрвөн бэрхийг Австралийн Засгийн газарт бэлэглэлээ.

 

 

Энэ удаагийн Азийн сайд нарын бага хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш Ази, Номхон далайн бүс нутагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хурал нь “Сендайн хөтөлбөр”-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй олон асуудлаар зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон санал зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин