Агуйд гацсан хөвгүүдээс дөрвийг нь аварчээ
2018-07-09

Тайландын “Там Лаунг” агуйд гацаад буй өсвөрийн хөлбөмбөгийн “Зэрлэг баавгай” клубын 12 гишүүнээс дөрвийг нь эсэн мэнд аварсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэднийг аврагчид агуйгаас амжилттай гаргаж, улмаар орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. “Хөвгүүдийн биеийн байдал сайн байгаа” хэмээн албаныхан уламжлав.

 

11-16 насны 12 хөвгүүн, 25 настай дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн сарын 23-нд бэлтгэлээ тараад явж байхдаа уг агуйд орж, улмаар гацсан юм.

 

Тэднийг агуйгаас гаргахаас дотоодын 40 мэргэжилтэн, гадаадын 50 мэргэжилтэн ажиллаж байна.

 

“Аврах эхний үе шат маш амжилттай өндөрлөлөө. Борооны улирал эхлэхээс өмнө хөвгүүдийг агуйнаас гаргахаар мэргэжилтнүүд ажиллаж байна. Хэрвээ бороо орж ирвэл аврах ажиллагаа гацах, улмаар хөвгүүдийн амь насанд ч заналхийлэх эрсдэлтэй. Тиймээс хөвгүүдэд зориулалтын хувцас, хэрэглэл өмсгөж, улмаар аврагчдын адил шумбаж сургах хэрэгтэй” хэмээн албаны хүн мэдээлэв.

 

Хөвгүүдийн байгаа агуйн хэсгийн хүчилтөрөгчийн нөөц багасч байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин