БНСУ, Монгол тэргүүтэй дөрвөн улсад олон удаагийн виз олгоно

Өмнөд Солонгосын Засгийн газар Монгол Улс, Беларусь, Гүрж, Украины эмч, хуульч болон бусад чадварлаг ажилтнуудад олгох олон удаагийн визийн асуудлаар ярилцсан талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснийг “www.koreatimes.co.kr” сайт уламжлав. Тус улсын эрх баригчид хууль бус цагаачтай тэмцэхийн тулд олон удаагийн визийн хязгаарлалтыг хийгээд байсан юм.
“Уг арга хэмжээ нь олон улсын жуулчдыг татах, мэргэжилтнүүдээ харилцан солилцон ажиллахад тус болно” хэмээн албаныхан мэдээлэв. Тухайн виз 1-5 жилийн хугацаанд хүчинтэй байх гэнэ. Виз авсан тохиолдолд Өмнөд Солонгос улсад 30-90 хоног хүртэл байх боломжтой аж.
Монгол Улс, Беларусь, Гүрж, Украины мастер болон түүнээс дээш зэрэгтэй сэтгүүлчид, бизнес эрхлэгчид Өмнөд Солонгосоос шаардаж буй ерөнхий нөхцлийг хангавал олон удаагийн визийн өргөдөл илгээхэд нээлттэй. “Сүүлийн жилүүдэд монголчууд Солонгосын визний өргөдөл их явуулах болсон учир уг шинэ жагсаалтад оруулсан болно” хэмээн албаныхан өгүүллээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дээр дурьдсан Беларусь, Гүрж, Украин улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх, хамтран ажиллах туйлын сонирхолтой байгаа учир шинэ жагсаалтадаа багтаажээ.
Өмнөд Солонгосын Хууль зүйн яам саяхан Монгол Улсын Засгийн газар солонгосын бизнес эрхлэгчдэд олон удаагийн визийн зөвшөөрөл өгөх боломжтой эсэх талаар лавласан талаараа албан ёсны цахим сайтдаа бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ