Хязаалангийн уралдаанд 345 хүлэг шандас сорино
2018-07-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэлж байна.  Хязаалан насны морьд гарааны зурхайгаас мордож байна. 

 

Өнгөрсөн жилийн хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнээ 153 нь шандас сорьсон. Үүнээс уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн  зээрд үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор халзан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Б.Батсайханы шарга халзан, тавд Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Л.Эрдэнэбаярын хээр үрээ тус тус хурдалж байсан. Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос хязаалангийн уралдааны түрүү болон айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз гэж үзэн хассан. Ингэснээр уралдааны 6-9 дүгээр байранд орсон хязаалангууд урагшилж айраг, түрүүны шагналыг хүртэх байсан ч мөн эрлийз гэх шалтгаанаар хасагдаж байв.

 

Өнөө жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангуй цөөн үрээ шүдэлгээ болон үүлдэрлэг байдлаар хасагдсан байна. Энэ жилийн хязаалангийн уралдаанд 345 үрээ шандас сорихоор бүртгүүлэн, гарааны зурхай руу мордлоо.

 

Хязаалан насны морьд 18 км-ын зайд шандас сорино.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин