Аврагчид дахин дөрвөн хүүхдийг агуйн гүнээс амжилттай гаргажээ
2018-07-10

Тайландын “Там Лаунг” агуйд гацаад буй хүүхдүүдийг аврах ажиллагаа тун амжилттай үргэлжиж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Аврагчид агуйн гүнээс дахин дөрвөн хүүхдийг гаргасан талаараа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

 

Уг аврах ажиллагаанаас хэдхэн цагийн өмнө аврагчид дөрвөн хүүхдийг аварч, орон нутгийн эмнэлэгт хүргээд буй юм. Ийнхүү аврагчид нийт найман хүүхдийг эсэн мэнд аварч, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

 

Агуйд одоо 25 настай дасгалжуулагч болон 11-13 насны дөрвөн хүү үлдсэн гэнэ. Тэднийг аврах ажиллагаа үргэлжиж байна. Хэдэн өдрийн өмнөөс тус бүс нутагт усархаг бороо орж эхэлсэн бөгөөд аврагчид хүүхдүүдэд шумбагчийн хувцас өмсүүлэн, агуйн нарийнхан хэсгээр гаргасан гэнэ.  Эмнэлэгт хүргэгдээд буй хөвгүүд яаралтай эмчилгээ хийлгэсэн бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал нь эрс сайжирсан байна.

 

Агуйд үлдээд буй дасгалжуулагч болон хөвгүүдэд усанд шумбах хичээлийг заасан бөгөөд тэд 4 км урт хонгилоор гарах хэцүүхэн даалгавартай нүүр тулжээ. “Агуйн зарим хэсэг маш нарийнхан бөгөөд усаар дүүрэхээс гадна хэтэрхий харанхуй байгаа нь хөвгүүдэд дарамт учруулж буй” талаар Британийн аврагч мэдэгдсэн байна.

 

“Зэрлэг баавгайнууд” гэх хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн 12 гишүүн дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн сарын 23-ны өдөр сураггүй алга болсон. Тэднийг аврагчид 10 өдрийн дараа олсон бөгөөд хөвгүүд болон дасгалжуулагч ямар ч бэртэл гэмтэл авахгүйгээр эсэн мэнд олдсон нь жинхэнэ гайхамшиг болсон юм. 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин