Х.Баттулга: Ирэх жилийн наадмаар дахин баяртайгаар уулзъя

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Өнө эртний өв соёлоо дэлхийн чихэнд цуурайтуулан монголчууд нартай, хуртай наадлаа.

Үндэсний их баяр наадмыг хааж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр
“Наадамчин олон монголчууд аа,
Монгол уламжлал, ёс заншил, урлаг соёл дэлгэрч, хүүхдийн гийнгоо хадан, мэргэн харваачид уухайлж, хүчит бөхчүүд шавж, дэвсэн сайхан өдрүүд наадмын түрүү магнайг бүх төрлөөр тодруулснаар өндөрлөлөө.
Монгол наадмыг жил тойрон тэсэн ядан хүлээж, хөлс хүч, ухаан самбаагаа шавхан бэлдэж оролцсон бүх наадамчдадаа баярлалаа. Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал соёлоо дээдэлсэн ариун сэтгэл, спортод шимтэх дур сонирхол дээр монгол наадам оршиж, дэвжин дэлгэрч байдаг юм. Наадмыг үзэж сонирхсон, дамжуулж мэдээлсэн, дэмжиж уухайлсан бүх хүнд амжилтыг ерөөе.
Энэ цагт үед эх орондоо байхгүй ч алсаас интернет, телевизээр үзэж сонирхсон, наашаа чих тавин хамтдаа наадаж, дэмждэг бөхөө даган өндөлзөж, хурдан хүлгээ харан огшиж суусан гадаадад суугаа монголчууд, тархан суурьшсан монгол түмэндээ баярлалаа. Монгол наадам бол бүх монгол үндэстнийг соронз мэт татаж, анхаарлыг нь Монгол Улсдаа уяж чаддаг цөөхөн зүйлсийн нэг юм. Энэ бол монгол түмний нэгдэх нягтрах, дээдлэн сүслэх үнэт зүйлсийн нэг.
Бидний уламжлал соёлыг хүндэтгэн, цаг заваа зориулан ирсэн гадаадын зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье. Монгол наадам өндөрлөж байна. Ирэх жилийн наадмаар дахин баяртайгаар уулзъя. Ивээлт нар мэт сайн үйлс дэлгэрсээр хамаг ертөнц гийх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай" хэмээн наадмын хаалтын үгийг хэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ