АНУ-д тагнуул хийсэн гэх Орос эмэгтэйг баривчилжээ

АНУ-ын эрх баригчид тагнуул хийсэн ОХУ-ын иргэн Мариа Бутина гэх 29 настай эмэгтэйг баривчилсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.
Түүнийг ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчийн хувиар АНУ-ын улстөрийн бүлэглэлүүдэд элсэж, улстөрийн хуйвалдаанд оролцсон хэмээн Вашингтон үзэж, баривчилсан гэнэ. АНУ-ын Хууль зүйн яам “Мариа Бутинаг өнгөрсөн ням гаригт баривчилсан нь үнэн болно” гэв.
Тагнуул хийсэн гэгдээд буй Бутинаг “АНУ-ын эрх баригч Бүгд Найрамдах намтай нягт холбоо тогтоон улмаар галт зэвсэг эзэмших эрхтэй холбоотой хуулийг дэмжигч” хэмээн орон нутгийн хэвлэлүүдээр бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн тус улс үзэж буй.
Бутинаг баривчилсан нь дээрх хэрэгтэй холбоогүй гэдгийг албаныхан уламжлав. “ОХУ-ын Засгийн газарт ажилладаг нөлөө бүхий эрхмийн заавраар Бутина ажилладаг” хэмээн Вашингтон үзэж байна.
Бутинагийн өмгөөлөгч Роберт Дрискол “Ройтерс” агентлагт “Вашингтон ямар мэдээллээс үндэслэн үйлчлүүлэгчийг минь баривчилсаныг ойлгохгүй байна. Үйлчлүүлэгч минь Америкт Олон улсын харилцаа мэргэжлээр суралцдаг оюутан. Вашингтон хэтрүүлэг хяналтаас гарлаа” хэмээн ярьжээ.
Финляндын Хельсинк хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ “ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлөөгүй” гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ