Хотын дарга ядуусын хороололд амьдарч, бодит байдалтай танилцана

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын дарга Пак Вонсун ядуу өрхүүдийн амьдралыг судлах зорилгоор ядуусын хороололд нэг сар амьдрахаар эхнэр Кан Нанхуигийн хамтаар нүүж ирсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Хотын дарга, эхнэрийнхээ хамтаар Сөүлийн хамгийн ядуу хэсэг гэгддэг Гангбук-гуд байрлах нэгэн байшинд амьдарч эхэлжээ.
Сөүлийн хамгийн ядуу иргэдийн түрээслэн амьдардаг байшинг хотын дарга түрээслэсэн гэнэ. Уг байшингийн сарын түрээс 1762 ам.доллар бөгөөд 30 метр квадрат аж. Тус байшин зундаа халуун, өвөлдөө хүйтэн учир бусад түрээсийн байрнаас хамгийн хямд гэнэ.
Түрээсийн мөнгийг Засгийн газраас төлсөн хэмээн хотын дарга уламжлав.
Тэрбээр “Би нөхцөл байдалтай биечлэн танилцах, туршлага хуримтлуулахаар энд нүүж ирлээ. Ийнхүү би оршин суугчдын амьдралын нөхцөлийг сайжруулах гарц хайх болно” хэмээн хэлжээ.
Пак Вонсун өнгөрөгч сард хотын даргаар сонгогдсон бөгөөд энэ үеэр “Ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд нөхцөл байдалтай биечлэн танилцах болно” хэмээн нийслэлчүүдэд амлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ