АНУ, Европын холбоо худалдааны дайнаа зогсоохоор ТОХИРОЛЦЖЭЭ
2018-7-26

АНУ болон Европын холбооны дунд дэгдээд буй худалдааны дайныг зогсоохоор Европын Комиссын Ерөнхийлөгч Жон Клауд Юнкер тус улсад айлчлал хийж байна.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүндэт зочноо найрсагаар угтан авч, Вашингтон хот дахь Цагаан ордондоо хүлээн авчээ. Тэд дундах маргаанаа дуусгавар болгохоор олон цаг ярилцсаны эцэст ШИЙДЭЛД хүрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Трамп, Юнкер нар гол асуудлаа шийдвэрлэж, тарифыг зогсооход хамтран ажиллахаар болсон тухайгаа хамтарсан хэвлэлийн хурлын үеэр уламжлав.

 

Цагаан ордны тэргүүн “Бидний дунд үүссэн маргааныг эцэслэхээр шийдвэрлэлээ. Аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, автомашинд ногдуулах тарифийг тэглэж, гаалийн татварын нэмэгдлийг зогсоох асуудлаар хамтарч ажиллахаар боллоо” гэсэн бол Юнкер “АНУ-аас шар буурцаг болон шингэн байгалийн хий импортлохыг зөвшөөрсөн. Мөн бусад тарифийг тэглэхээр тохиролцлоо” гэв.

 

Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа Европын холбооны гишүүн орнуудаас ирж буй ган, хөнгөн цагаанд шинэ татварын шинэ тариф ноогдуулсан юм.  Түүний гэнэтийн үйлдэлд дургүйцсэн Европын холбооны орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ноогдуулах зэрэг хариу хэмжээ авчээ.  Трамп мөн Европоос орж ирэх автомашинуудад 25 хувийн татвар ноогдуулна хэмээсэн нь Европын холбоог эхэлж буулт хийхэд хүргэсэн билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин