Дэлхийн 325 сая хүн хепатитын архаг халдвартай
2018-07-26

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дэлхийн хепатит”-ын өдрийг жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр зохион байгуулдаг. Энэ жил “Хепатитыг  илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, ДОХ-ын газрын ба Хепатитын Дэлхийн Хөтөлбөрийн Дарга, Доктор Готфрид Хирношил, Дэлхийн Хепатитийн Холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург, эмчлүүлэгчдийн төлөөлөл Д.Отгон, чиглүүлэгч М.Баттүвшин нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Дэлхийд 325 сая хүн хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жилд 1.3 сая хүн уг өвчнөөс үүдсэн элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. 2016 оны эцсийн байдлаар дэлхий дахинд B,C вируст хепатитын архаг халдвартай нийт хүн амын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь л оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжтой байжээ.

 

Монгол улсын хувьд 3 сая хүн амын 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог аж. Мөн Монгол улс нь Ази номхон далайн бүсийн орнуудын дундаас вируст хепатитыг устгахын тулд хүн амын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт болон эрүүл мэндийн даатгалд хамруулхаар санаачилсан анхны бага дунд орлого бүхий оронд тооцогддог юм.

 

ДЭМБ-ын зургаан бүс нутгаас Номхон далайн баруун бүс нутаг нь хепатитын архаг халдвараар хамгийн өндөр тархалттхай бүс нутагт тооцогддог. 2015 оны эцсээр энэ бүс нутагт ойролцоогоор 115 сая хүн В вирусийн архаг халдвартхай, 14 сая хүн С вирусын архаг халдвартай байлаа. Хепатитын тусламж хүртэж чадахгүйгээс болоод уг бүс нутагт өдөрт 1200 хүн нас барж байна.

 

Хепатитын асуудал хариуцсан доктор Готфрид Хиршнол “Хепатитын халдварыг бүрэн таслан зогсоохын тулд байнгын шинэ санаа, сайжруулсан эм эмчилгээ, үйлчилгээг олж нээх шаардлага бидэнд тулгарч байна. Энэхүү удирдамж нь яг одооноос хепатитын С вирустай бүх хүмүүст шинжилгээнд хамрагдан, түргэн эдгэх бололцоог нээж өгч байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65  насны иргэдэд чиглэсэн эхний жилийн ажлын үр дүнд 350 000 гаруй хүнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс халдвартай илэрсэн иргэдийн 70 гаруй хувийг эмчилгээнд хамрууллаа” гэв.

 

2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вирусын хепатитыг халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож нас баралтыг эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд цаашид 15-аас дээш насны 1,8 сая хүнийг хепатитын В,С вирусийн шинжилгээнд хамруулах аж.

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин