Бороонд 16 сая төгрөг УРСЧИХЛАА

"Гэрэлт гудамж"-ны замын будаг бороонд урссан асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Улсаас, Нийслэлээс МӨНГӨ зарцуулаагүй

МҮХАҮТ-нд Нийслэлийн Засаг дарга, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр "Жоби төв"-ийн удирдлагууд 100 хувь өөрийн зардлаар нийслэлийн аль нэг зам, гудамжийг шинэчлэн будаж, засварлах саналыг тавьжээ. Энэхүү саналыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч, бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс "Гэрэлт гудамж"-ийг шинэчлэн будах зөвшөөрөл олгосон байна. Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг будах ажилд нийтдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Будгийн ажилд Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө зарцуулаагүй болохыг "Жоби төв"-ийн ерөнхий менежер Б.Чингис хэллээ.
Тэрбээр "Бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн алба зэрэг холбогдох бүх байгууллагаас албан ёсны зөвшөөрлийг авч, мэргэжлийн байгууллага, хүмүүстэй зөвлөлдсөний үндсэн дээр будгийн ажлыг эхлүүлсэн. Энэхүү будаг нь хоёр үе түрхэгдэж, бүрэн гүйцэд хатах ёстой байдаг. Гэтэл цаг уурын нөхцөл байдал, байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн улмаас будаг маань бүрэн гүйцэд бэхжээгүй байтал бороо орж, будаг урссан байна. Ингэж ширүүн бороо орно гэдгийг тооцоолоогүй. Үүнд ард, иргэдээсээ хүлцэл өчье. Энэ ажлыг гүйцэтгэхэд Нийслэл болоод Улсаас нэг ч төгрөгийн гарлага гараагүй. Манай "Жоби төв" 100 хувь өөрийн санхүүжилтээр энэ ажлыг хийж гүйцэтгэсэн" гэв.
"Жоби төв" нь Монгол Улсад хамгийн анх удаа замын тэмдэг, тэмдэглэгээний будаг үйлдвэрлэж эхэлжээ. Үүнийг бэлгэдэн Нийслэлийн төв цэгийг өөрийн хөрөнгөөр будаж, хандив үзүүлэхийг зорьсон аж. Гэтэл будаг гүйцэд хатаж амжаагүй байхад бороо орж, бүтээн байгуулалтад сөрөг үр дагавар авчирсан байна. Зам засварын байгууллагатай зөвшилцөж байгаад "Гэрэлт гудамж"-ны зам, талбайг дахин сэргээн будахаар төлөвлөж байгаа аж.
Тухайн гудамжны будгийн ажил өнгөрөгч ням гарагт эхэлж, зам хаасан. Будгийн ажил лхагва гарагт дуусч, замыг нээсэн. Будаг бүрэн гүйцэд хатахад 4-5 хоног шаардлагатай байсан ч замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан зайлшгүй шаардлагаар нээсэн гэдгийг хэлэв.
"Гэрэлт гудамж"-ийг дахин БУДНА
Ажил гүйцэтгэлийг "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" хийсэн байна. Уг компанийн ерөнхий инженер Б.Баатархүү "Будах ажлыг мэргэжлийн газраар хийлгэхээр болж, манай 15 ажилчин хоёр өдрийн турш ажилласан. Манайхаас энэ ажлыг гүйцэтгэхдээ Захирагчийн ажлын албатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Бүх зардлыг "Жоби төв" гаргасан. Хоёр дахь үе явагдаж амжаагүй байтал асуудал үүссэн байна. Бид ярилцаж байгаад дахин ажил явуулна" гэв.
Замын цагдаагийн алба ЭРЭЭНЭЭР будахыг зөвшөөрсөн
Мөн тус гудамжийг эрээнээр будсан нь замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж, жолооч нарын нүд гялбах, халтиргаа үүсэх, улмаар осол аваар гарах эрсдэлтэй гэдгийг жолооч нар хэлж, шүүмжилж буй. Үүнд "Жоби төв"-ийн ерөнхий менежер Ч.Чингис "Замын цагдаагийн албанаас энэ асуудлыг хөндөн тавьж, ярилцаж байсан. Гэхдээ манай үйлдвэрлэж байгаа будаг нь герман технологитой учраас өнгө хувирлын квонцттэй тул лаборатороийн шинжилгээ хийлгүүлээд болно гэдэг зөвшөөрлийг авсны үндсэн дээр ажлыг эхлүүлсэн" гэлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ