Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
2018-07-27

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газартай хамтран Хепатитын өдрийг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд  Др.Шин Ён Су Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан өндөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзсанд нь талархаад, вируст хепатит, түүнээс үүдэлтэй өвчлөл, шалтгаант нас баралтыг бууруулахаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайшаан дэмжиж байгаа талаар ярилаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийг дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц хөтөлбөр болсон гэдгийг цохон тэмдэглэв. Др.Шин Ён Су Монгол Улсад хүрэлцэн ирээд орон нутагт ажилласан бөгөөд энэ үеэрээ анхан шатны эмч, сувилагч нар хөтөлбөрийг үр дүнд хүргэхийн тулд, хүн амаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүлжүүлэхийн тулд мориор хүртэл уналга хийн хичээн ажиллаж байгааг хараад анхан шатны тусламж үйлчилгээний энэхүү жишгийг дэлхий даяар мэдэх ёстой гэсэн бодол өвөртөлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд туйлын сэтгэл хангалуун байгаагаа дахин илэрхийлсэн юм.

 

Др.Шин Ён Су цааш ярихдаа 1978 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-тай хамтран Алматы хотод Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний асуудлаар олон улсын хурал хийж, тунхаглал гаргасан нь улс орнуудын үндэсний эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд ихээхэн тус болсон талаар дурдаж, энэ удаагийн ээлжит хуралд Монгол Улсын оролцоо ихээхэн чухал болохыг хэлэв.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, элэгний вирусын халдварын тархалтыг хяналтад авахын тулд “Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар, хөтөлбөрийн хүрээнд тавьсан зорилгоо биелүүлэхээр Засгийн газар, салбар яам идэвхтэй ажиллаж байгаа талаар ярив.

 

Мөн элэгний өвчлөл Монгол Улсад их байгаа тул энгийн иргэнээс эхлээд Төрийн тэргүүн нь хүртэл анхаарал хандуулж тэмцэх ёстой, үүний дээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны дэмжлэг их байгаад талархлаа илэрхийлж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар ярилцав.

 

Shuud.mn
Сонин хачин