Монголбанкны Ерөнхийлөгч орон нутагт ажиллалаа
2018-08-01

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж байгаа Жефф Готтлиб тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийн хамт  Өмнөговь, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарт ажиллалаа.

 

Энэ үеэр Ханбогд суман дахь Оюу толгой ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан ба тус компаний Санхүү эрхэлсэн захирал Пол Муллинс албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр уг төслийн эдийн засагт оруулж буй үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч ил болон гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцлаа.

 

“Оюу толгой” компаниас  Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос хойш энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 1.6 тэрбум орчим ам.долларыг татвар хураамжид төлж,  үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гүний уурхай 2020 онд анхны хүдрээ гаргах ба 2027 онд бүрэн ашиглалтад орсноор улсад одоо төлж буй татварын хэмжээ нь 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоололтой  байна.

 

Ажлын хэсэг ийнхүү Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Энержи ресурс ХХК-ийн уурхайгаар зочилсон юм. Тус компани нь өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 2 их наяд орчим төгрөгийг уурхайн болон дагалдах дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалтад зарцуулж,  5.3 их наяд төгрөгийн экспортын орлого, 900 гаруй тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тэгвэл 2018 оны эхний хагасын байдлаар нийт 4.3 сая тонн нүүрс олборлож 2.9 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлээд  байгаа ажээ. 

 

Shuud.mn
Сонин хачин