Даншиг наадмыг 297 сая төгрөгөөр зохион байгуулна

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулах наадмын талаар өнөөдөр /2018.08.01/ мэдээлэл хийлээ.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.
Наадмын талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн томоохон зорилтод Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн том төв болох зорилго тавьсан. Улаанбаатар хот Зүүн хойд Азидаа төдийгүй дэлхийн түүхэн нийслэлүүдийн нэг учраас цаг агаарын таатай нөхцөлд дотоод, гадаадын жуулчдад зориулан энэхүү наадмыг зохион байгуулж байна” гэдгийг онцлов. Мөн тэрбээр энэ жилийн даншиг наадмыг 297 сая төгрөгийн төсвөөр зохион байгуулж буйг хэллээ.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба,гавж Д.Чойжамц “Даншиг наадмын гол онцлог бол цам юм. Цамын үеэр 100 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгыг хувьд гүн гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшидын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэг.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, цам харайх, Соёмбот туг залах, шашны сүлд дуу дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болдог. Мөн 256 хүчит бөхийн барилдаан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань энэ жилийн бурханы тахилга,Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчилэн хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой.
Даншиг наадмын өдрүүдэд Таван шараас Хүй долоон худаг руу нийтийн тээврийн автобус үйлчилнэ.
А.Ариунжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ