Монголын багш нар төлөөллөө УИХ-д суулгана

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр /2018.08.06/ мэдээлэл хийлээ. Багш нар өнгөрсөн жилийн энэ өдөр цалингаа нэмүүлэхээр тэмцэж эхэлсэн бөгөөд яг нэг жилийн хугацаа болж буй аж. Тэмцлийн хугацаанд Монголын багш нарын нэгдэл ТББ-ыг байгуулсан. Мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, Багшийн цалин нэмүүлэх түр хороогоо албан ёсоор ТББ болгон, бүртгүүлжээ.

Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж “Монголд хүн ажиллаж ядуураад, ядуурч, ажиллаад байгаа юм. Үүний жишээ нь багш нар. Монголын багш нар 40 мянгуулаа байна. Багш нар нэгдэж чаддаг болсон. Багш нар оролцвол бүхнийг зохион байгуулж чадна. Үүгээрээ бид оролцоогоор амжилтад хүрдгийг харуулсан. Бид наймдугаар сарын эхээр дахин нэгдэнэ” гэдгийг хэлэв. Мөн тэрбээр багш нар оролцооныхоо хүчээр дараах зүйлсийг хийнэ гэдгийг хэлж байна.
- Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана.
- Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө багш нар тэмцэх аж.
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Мөнхбаатар “Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Ц.Мөнхтуяа багшийн цахимд бичсэн пост 20-30 мянган дагагчтай болж, эхэлсэн. Манай үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор 1500 орчим гишүүнтэй болсон. Нэгдэхээ илэрхийлсэн 10-аад мянган гишүүн байгаа” гэдгийг хэлэв.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ