Оюутны хөгжлийн зээлийг есдүгээр сарын 1-нээс хойш олгоно
2018-08-07

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХЭЗЭЭ ОЛГОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Их, дээд сургуулийн оюутнуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгохдоо өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүү тооцдог байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу шинэчилж, Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Энэ журам өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Оюутны хөгжлийн зээл олгогдоод эхэлсэн байгаа. 2018 оны төсөвт 75 тэрбум төгрөгийг оюутны зээлд олгохоор суулгасан. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 жилийн хугацаанд график гаргаад цалингаасаа зээлээ  төлөх таатай нөхцөлтэй” хэмээсэн.

 

Гэсэн ч бодит байдал дээр одоогоор “Оюутны хөгжлийн зээл” олгогдож эхлээгүй байна. Энэ жилээс оюутны зээл зөвхөн Боловсролын зээлийн сангаар дамжин олгогдох болсон. Боловсролын зээлийн сангаас тодруулахад “Ирэх есдүгээр сарын 1-нээс хойш “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгож эхэлнэ. Одоогоор их, дээд сургуулиудаас зээл хүссэн оюутнуудын материалыг хүлээж авч байгаа. Бүх их, дээд сургуулийн материал бүрдсэний дараа манай сангийн мэргэжилтэн нэг бүрчлэн зээлийн хүсэлт, өргөдөлтэй танилцаад зээлийн шаардлага хангасан оюутнуудын мөнгийг шилжүүлнэ. Одоогоор материал шалгаж эхлээгүй байна. Яг хэзээнээс зээл олгогдож эхлэх нь тодорхойгүй байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

 

10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВБАЛ ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ САР БҮР 139 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ хичээлийн жилд 35 мянган оюутанд зээл олгох боломжтой. Зээлд хамрагдахын тулд бакалаврын оюутан голч оноо 2,6-аас дээш, магистр, докторынх  3,2-оос дээш, ЕБС-иа төгсөж байгаа бол ЭЕШ-ийн оноо 600-аас дээш байх шаардлагатай юм. Түүнчлэн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгох юм байна.

 

Оюутны зээлд хамрагдаж байгаа суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй байхаар журамлажээ.

 

Бүрдүүлэх бичиг баримт:

 

Иргэний үнэмлэхний хуулбар

 

ЭЕШ-ын онооны хуулбар

 

Сургуулийн тодорхойлолт

 

Төлбөрийн нэхэмжлэх

 

Тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт

 

Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт

 

Ирээдүйн орлогоо тодорхойлсон эсээ бичлэг

 

Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх  юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлнө.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайлбал МУИС-ийн 2-4 дүгээр курсийн оюутнуудын зээлийн материалыг өнгөрөгч хавар бүх салбар сургуулийн хүрээнд зарлан зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хураан авчээ. Харин шинэ элсэгчдийн зээл хүссэн материалыг энэ наймдугаар сарын 20-ноос сургалтын албанд хүлээн авах юм байна.

 

Оюутны зээлийн журмын дагуу Монголын бүх их дээд сургуулиудад тодорхой хэмжээний квот тогтоож зээлийг олгодог байна. Тухайн квотод багтаж чадсан оюутан зээлд хамрагдаж чадна гэсэн үг. Тэгэхээр материалаа өгсөн бүх оюутан зээлд хамрагдана гэж ойлгож болохгүй. МУИС-ийн хувьд сургалтын албаны ажилтан болоод оюутны төлөөлөл бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй зээлийн комисс зээл хүсэгчдийн материалыг судлан шийдвэрийг гаргах аж.

 

ГАДААДАД СУРАЛЦАГЧДАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАРЬЦААЛЖ, ЗЭЭЛ ОЛГОНО

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаадад сурч буй оюутнуудын хувьд  Дэлхийн шилдэг сургуулийн зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд сурдаг оюутнууд оюутны хөгжлийн зээлийг авах боломжтой. Бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зээл олгохдоо  сургалтын болон амьжиргааны түвшний зээлийг нэг оюутанд нэг удаа олгох юм байна.

 

Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл олгохдоо магистрантад 2 жил, докторантад 3 жил,  бакалавр 4 жил хүртлэх хугацаатай үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох аж. Гэхдээ  дэлхийн шилдэг их дээд сургуульд баклаврын  түвшинд сурч буй оюутан тухайн сургуулийнхаа сургалтын төлбөрийн албан ёсны нэхэмжлэх дээр төлбөр нь хэд гэж заасан байна түүнийг нь олгох боломжтой юм байна.

 

Бүрдүүлэх бичиг баримт:


-Гэрээ


-Сургуулийн урилга, нэхэмжлэх


-Боловсролын бичиг баримтын хуулбар


-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилггээний хуулбар


-Үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан эсэх лавлагаа


-Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн итгэмжлэл


-Иргэний үнэмлэхний хуулбар


-Визний хуулбарын хамт бүрдүүлэн зээл авах юм байна.

 

Магистар докторын зэргийн оюутануудад 16000 ам.долларын зээл олгох юм байна. Тухайн зээл авч байгаа оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалаад  зээлээ авч гэрээ хийнэ. Сургуулиа төгсөөд эх орондоо 5 жил хувийн болон улсын байгууллагад үр бүтээлтэй нийгмийн даатгалаа төлөөд ажилласан байх ёстой. Үүний дараа тухайн оюутаны ажилласан байдлыг харгалзан үзээд зээлээс чөлөөлж болохоор юм байна. Дэлхийн шилдэг их сургуульд сурч буй оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаалан төлбөрөө зээлэх боломж бүрдэж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ чинь ямар ч барьцаагүй зээл. Авсан хүн хэзээ ч буцаж төлж байгаагүй бөгөөд Сургалтын төрийн сан өмнө нь олон мянган дипломонд булагдаж байсан. Арилжааны банк руу нэг шилжүүлээд хүмүүс авахгүй болохоор нь буцаагаад Сургалтын төрийн санд авчирсан.Халамжийн нэг хэлбэр. Авилгачдын зүгээс Монгол үндэстнийг доройтуулах нэг бодлого. Аль болохоор дээд сургууль төгссөн ажил хийх сонирхолгүй хүмүүсээр Монголыг дүүргэх зорилготой.
2018-08-07