Баянхонгор аймгийн Засаг дарга хууль бус алт олборлогчдыг өөгшүүлж байна
2018-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын гишүүд Баянхонгор аймгийн Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга нар Жаргалант сумын Бөөргийн голд нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлолт хийлгэж, таван сумыг ундаалдаг “Байдраг” голын эхийг бохирдуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

 

Баянхонгор аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн малчин “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ын тэргүүн А.Энхтөр “Нөхөн сэргээлт хийх нэрээр манай сум орон нутагт 2013 оноос олон алт, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж гол, ус бохирдуулж, булаг ус ширгээж байна. Энэ үйл ажиллагааг таслан зогсоохоор нутгийн иргэд “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-ыг байгуулж, үйл ажиллагааг нь таслан зогсоохоор тэмцэж ирлээ. Байдраг гол Бөөнцагаан нуур хүртэл 300 орчим км урсдаг Монголдоо ганц гол. Энэ гол таван сумын хүн малыг ундаалдаг. Гэтэл энэ голд алт угаах үйл ажиллагаа явуулж гол ширгэхэд хүрээд байна” гэв.

 

Тус байгууллагын УЗ-ийн гишүүн Ж.Энхдөлгөөн “Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2-3 компани хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нь нөхөн сэргээлт огт хийдэггүй, сум хөгжүүлэх сангийн дансанд 100 сая төгрөг төлдөг ч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд захиран зарцуулж, нөхөн сэргээлт нэрийдлээр уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж, дэмжиж байна” гэлээ.

 

Тухайн компаниудад Баянхонгор аймгийн Жаргалант сумын Улсын байцаагч үйл ажиллагааг нь хууль бус гэдгийг тогтоож, шаардлага тавьдаг ч үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн аж. Гол ус ширгээхээс гадна иргэний чацаргана тариалах талбайд алт олборлож эхэлсэн тул БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад эдгээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлж буй юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин