Даун, аутизмтай 2-6 настнуудыг 186 дугаар цэцэрлэгт бүртгэнэ
2018-08-08

Энэ хичээлийн жилд даун, аутизмтай 2-6 настай хүүхдүүдийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт бүртгэж, элсэн сургахаар болжээ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын /2018.06.05/ хуралдаанаар олон жил яригдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аравдугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Тодруулбал цэцэрлэгийг барихад шаардагдах 5,3 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгасан. Ингэснээр орчин үеийн шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангасан анхны жишиг цэцэрлэг ашиглалтад орох боломж бүрдсэн. Гэвч 10 дугаар цэцэрлэг ашиглалтад орох хүртэл тус цэцэрлэгт суралцах хүүхдүүдийг 186 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэхээр болжээ.

 

Улсын хэмжээнд даун, аутизм, хавсарсан оноштой, тархины саажилттай хүүхдүүдийг асран сувилж нийгэмшүүлдэг ганц цэцэрлэг байдаг нь аравдугаар цогцолбор төв юм. Уг цэцэрлэгт энэ хичээлийн жилд элсэх хүсэлтэй 2-6 настнуудыг Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт бүртгэх юм байна. Бүртгэл энэ сарын 20-ноос 24-ны хооронд 09.30-17.00 цагт явагдана.

 

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тусгай цэцэрлэгийн элсэлтийг онлайнаар явуулахгүй. Тодруулбал

 

Цахим бүртгэл болон элсэлтэд: 

 

Тусгай цэцэрлэг

Сувиллын цэцэрлэг

24 цагийн цэцэрлэг

Байгууллагын дэргэдэх цэцэрлэг

 

Төрийн өмчийн цэцэрлэгт элсэн суралцах зорилтот бүлгийн хүүхдүүд хамаарахгүй юм. Тэд уламжлалт аргаар бичиг баримтаа бүрдүүлж, харъяа цэцэрлэгт хандсанаар уг цэцэрлэгт элсэх боломж бүрдэх юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин