Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг уучлал гуйхыг шаардаж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байсан билээ. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй, ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн 3/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд зарладаг гэсэн хариу өгснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр:
-"60 тэрбум"-ын хэргийг АТГ хаасан. УИХ-ын дарга ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй байна. Тиймээс би УИХ-ын дарга гурван шаардлага хүргүүлж байна. УИХ-ын дарга ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна. Мөн өөрөө хүсэлт гаргаж "60 тэрбум"-ын асуудлыг дахин шалгуулж, ард иргэдийн эргэлзээг тайлбах хэрэгтэй. Түүнчлэн энэ сарын 20-ны дотор УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргахыг шаардаж байна гэлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-УИХ-ын хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах саналыг нэр бүхий 26 гишүүний гарын үсэгтэй хүргүүлсэн. Гэтэл УИХ-ын Тамгын газар 22 гишүүний гарын үсэгтэй саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн гэсэн байна. Үүнийг би дахин асуух болно. Мөн энэ асуудлаар ҮХЦ-д хандана. УИХ-ын гишүүд хуулийн дагуу 3/1 нь гарын үсэг зураад санал хүргүүлсэн бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
-МАН-ын Хяналтын хороо УИХ-ын даргад хариуцлага тооцох шийдвэр гаргасан. Үүнийг хэлэлцэх болов уу?
-МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын даргад хариуцлага тооцох тогтоол гаргасан. Үүнийг хэлэлцэхийг намын Удирдах зөвлөлд тавих болно. Мөн УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүдэд үйлчлэх үүрэгтэй. Гэтэл УИХ-ын дарга нэг өөр, гишүүнд нэг өөр, УИХ-ын гишүүн сайдад бас нэг өөр өөрөөр хандаад байж болохгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ