Трампын сүрдүүлгийг үл тоон Ким Чен Ун сайдаа Иран руу илгээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр олон улсад хандан Иран улстай худалдаа, хэлэлцээ хийхгүй байхыг анхааруулсан юм. “Ирантай худалдаа хийсэн улс, компани болон хувь хүнийг хар дансандаа оруулж, дарамт үзүүлэх болно” хэмээн Цагаан ордны тэргүүн сүрдүүлсэн билээ.
Уг сүрдүүлгийг үл тоон Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өчигдөр Ираны нийслэл Тегеран хотноо айлчилсан талаар “CNN” агентлаг мэдээлэв.
Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф Пхеньянаас ирсэн хүндэт зочноо угтан авчээ.
Сайдууд хоёр улсын харилцаа холбоог өргөжүүлэх, олон салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ираны төрийн мэдлийн “Islamic Republic News” агентлаг цахим сайтдаа сайд нарын гэрэл зургийг нийтэлж, уулзалт амжилттай болсныг сонордуулав.
Хойд Солонгосын томоохон албан тушаалтан анх удаа Иранд айлчилж буй учир хоёр тал уг уулзалтад ихээхэн ач холбогдол өгчээ.
АНУ-ын Засаг захиргааны Ираны эсрэг хэрэгжүүлж буй хоёр дахь шатны хориг арга хэмжээ ирэх арваннэгдүгээр сард эхлүүлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ