Гавьяат цолыг мялаасан хүрэл медаль
2018-08-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол балетчин, МУГЖ О.Анужин энэ сарын 3-11-ны өдрүүдэд зохиогдсон Шанхайн олон улсын балетын VI уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. “Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай  зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөн байна. 

 

Монгол Улсын соёлын элч, тус уралдааны зочин Д.Алтанхуяг “Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч О.Анужин Шанхайн балетын олон улсын VI уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Маш их баярлаж байна. Энэ мөчид би Д.Дашлхагва багшдаа баярлаж байгаагаа хэлэх гэсэн юм. Анужин, Хишгээ хоёрыг энэ уралдаанд бэлдүүлсэн байна лээ. Таны хүч, хөдөлмөр, залуу уран бүтээлчдийг гэсэн сэтгэл, зүтгэлийн тань үр дүн гарлаа” гэсэн юм. 


Шанхайн олон улсын VI уралдаан нь 12 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн, 50 мянган ам.долларын шагналын сантай билээ. Харин Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол балетчин О.Анужин 23 насандаа буюу тун саяхан МУГЖ цол хүртээд буй.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ямар мундаг охин бэ монголоос сонгодог урлагаар дэлхийд нэрээ гаргаад, дуурь балетаараа манайхан мундаг болохнээ баяр хүргэе!
2018-08-14