Зам тээврийн хөгжлийн дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүллээ
2018-08-14

МАН-ын удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр /2018.08.14/ хуралджээ. Хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.. Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс мэдээлэл хийлээ. 

 

С.Бямбацогт: Хүний өөрийн гэлгүй худлаа хэлдэг, хулгай хийдэг албан хаагчид хариуцлага тооцно

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн хурлаар дараах тогтоолыг гаргажээ. Үүнд:

 

Улс, төрийн болон төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, мэргэжил  ур чадвар, ёс зүйн шаардлага ханган ажиллаж чадахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, ажиллах,

 

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны бүх түвшинд болон орон даяар мөрдүүлж ажиллах,

 

Дээрх чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чиглэл болгосуй гэсэн тогтоолыг удирдах зөвлөлөөс гаргажээ.

 

УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт:

 

-Удирдах зөвлөлийн гишүүд нэлээд нухацтай ярилцлаа. Монголын төрд ажиллаж байгаа улстөрийн болон төрийн захиргааны алба хаагчид хуулийг дээдэлж ард түмэнд үйлчлэх ёстой. Харамсалтай нь энэ журам цалгардаж байна. Төрийн албан хаагч худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хууль зөрчихгүй ажиллах ёстой. Тэгэхээр хэн нэгэн даргын хүн байна уу, УИХ-ын гишүүний нөмөр нөөлгөнд байдаг хүн байна уу хамаа байхгүй. Хүний өөрийн гэхгүй худлаа хэлдэг, хулгай хийдэг асуудал дээр хариуцлага тооцно. Үүн дээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд санал нийлсэн" гэв.

 

Г.Занданшатар: Монголын төрийг төр шиг байлгах ажлыг улам эрчимжүүлнэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томилохтой холбогдуулан намын боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй байсан, өөрсдөө хүсэлт гаргасан зэрэг нэр бүхий долоон хүний асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнээс МАН-ын удирдах зөвлөл хэлэлцэж, тухайн салбартаа ажиллаж байгаа, мэргэжлийн болон ажлын дадлага туршлага өндөртэй, энэ салбарыг бүрэн төлөөлж ажиллах чадвартай гэж үзэн Лувсан овогтой Халтарыг Зам тээврийн хөгжлийн дэд сайдад нэр дэвшүүлжээ.

 

Л.Халтар нь:

 

Боловсрол эзэмшсэн байдал:

 

1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам харилцааны их сургуулийг, төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн

 

1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер чиглэлээр төгссөн

 

1999 онд Эрхүү хотын зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан

 

Ажилласан байдал:

 

1983 онд Улаанбаатар төмөр замын удирдах газарт ажиллаж эхэлсэн

 

1983.10.15-наас 1985 он хүртэл Улаанбаатар төмөр замын худалдааны баазад ачигч

 

1990-1992 онд Улаанбаатар төмөр замын техникумд инженер багш

 

1992-1993 онд Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах ангид орлогч дарга

 

1993-2006 онд Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвд захирал

 

2006-2008 онд Улаанбаатар төмөр замын боловсон хүчний нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга

 

2015-2017 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга

 

2017 оноос одоог хүртэл Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар, нийтдээ төмөр замын салбарт тасралтгүй 25 жил ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчин аж.

 

Энэ сарын 8-нд байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотой гарсан төмөр замын аваар ослыг гардан хариуцаж, нөхөн сэргээх ажлыг хурдан шуурхай зохион байгуулсан юм байна. Энэ чиглэлийн ур чадвар, дадлага туршлага өндөртэй тул намын удирдах зөвлөлийн зүгээс дэд сайдаар ажиллуулах шийдвэрийг гаргажээ.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:

 

-Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгах албан даалгавар гаргаж ажиллаж байна. Есдүгээр сарын 20-ноос яам, тамгын газрын гол ажилтнуудыг урьж сахилга хариуцлагын журам хэлэлцэх Улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Төрийн албаны аль ч шатанд ёсгүй байдал, архидалт, сахилга хариуцлагыг эрс шинэчилж, Монголын төрийг төр шиг байлгах ажлыг улам эрчимжүүлнэ. Зөвхөн чадвартай, мэдлэгтэй нь Төрийн албанд ажилладаг, ёсзүйтэй, сахилга хариуцлагатай нь дэвшдэг төрийн уламжлалт аргыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд төрийн албаны мэргэшсэн дадлага туршлага, ёсзүй бүгдийг харгалзан үзэж Л.Халтарыг нэр дэвшүүлсэн" гэлээ. 

 

МАН-ын Удирдах зөвлөл 29 гишүүнтэй. Үүнээс дөрвөн гишүүн хөдөө орон нутагт томилолттой, хоёр гишүүн гадаадад томилолтой яваа аж. Иймд удирдах зөвлөлийн хуралд ирвэл зохих 23 намын удирдах зөвлөлийн гишүүнээс 18 гишүүн хуралдаанд суужээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
kk:
Gaaliin darga gej unen ineedtei Asralt gej hun MANii neriig aasdaj bnaa.Ymarc cadbargui.5 ug helj cadahgui setguulc hural zobolgoonoos zugtdag, Gaaliin baisaaggtai uulzahgui zobhon zuuclagcaar uulzdag .Hurelsuhee ene ineedemtei nobciig zailuulaacee
2018-08-16
Зочин:
ЗГ дэшүүлдэггүй намын УЗ дэвшүүлдэг ямар сонин юм бэ,нам төвтэй ЗГ гэж ойлгогдоод байна даа
2018-08-14