Эвдэрсэн MRI аппаратууд “шахааны бизнес” байсан юм биш биз
2018-08-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Эмч нар ажил хаяна, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна, IMR, CH  аппарат  эвдэрч Улсын I төв эмнэлэгт  хагалгаа хүлээгдлээ,  ХСҮТ усанд автаж, нөөцөнд байсан аппарат гэмтсэн гэх мэдээллүүдтэй энэ зун өнгөрөв. Аппаратаа зассан эсэх, зардлыг нь хэр­хэн шийдсэн бо­лон хариуцлагын та­лаар  мэдээлсэн нь үгүй. Үйл явдлын мөрөөр сурвалжлав.

 

ХСҮТ: АППАРАТЫН СУУРЬ ГЭМТСЭНД БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЛГОНО

 

Хавдарын өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч улсдаа ганцхан Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Эцэст нь өргөтгөл барих шийдвэр гартал газрын асуудал нь шийдэгдэхгүй хэсэгтээ  сунжрав. Энэ асуудлаа арай гэж  шийдтэл  барилгынх нь  ажил  гурван жил гацав. Барилгын ажил нь  дуустал хонгил нь  үерийн усанд  автаж, нөөцөнд хадгалж байсан  MRI аппаратын суурь нь гэмтжээ. Засах төсөв нь шийдэгдлээ гэхэд цаашид аппарат хэвийн ажиллах уу гэдэг нь бас л эргэлзээтэй юм. Энд ямар хэмжээний хохирол үүссэн, засахад гарах зардлын хэмжээг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

ХСҮТ-ийн  өргөт­гөлийн  ажлыг  “Суурь” компани 2011 онд эхлүүлсэн байдаг. Гэтэл зарим ажлыг гүйцэтгээгүй хэрнээ хийсэн гээд 450 сая төгрөг аваад дампуурлаа зарлаад алга болжээ.  Иймд гарын үсэг зурсан баримтуудад үндэслэн тус  компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн  гэдгийг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэвлэлээр ярьсан. Тэгвэл уг барилгыг үргэлжлүүлэн барьсан “Зүр” компанийн ажил  өдгөө мөн л  дутуу байна. Улсын комисс уг барилгыг хүлээж аваад зарим ажлыг нэмж гүйцэтгэх  үүрэг  өгсөн ч биелүүлээгүй орхижээ. Барилгын хийц, дотор нь байрлуулах тоног төхөөрөмжөөс шалтгаалж 2011 онд анх  гаргасан зураг төсөлд  өөрчлөлт орж байсан.  Ажил гүйцэтгэж буй компанид шаардлага тавихаар “Зураг төслийн дагуу барьж байна” гэсээр эцэстээ  холбогдох  байгууллага, хариуцсан хүн нь бүдгэрсээр буух эзэнгүй  болжээ. Энэ талаар ХСҮТ-ийн  холбогдох албадаас тодруулахад “Улсын мэргэжлийн хяналтын байцаагч ирж шалгаад явсан. Онцгой байдлын газраас ч баг ирж ажилласан. Авто замын хөгжлийн газар ч ажиллаж байгаа. ЭМЯ-ны ажлын хэсэг  нөхцөл байдалтай  газар дээр нь танилцсан.Эмнэлгийн барилга болон өргөтгөл үерт автсан нь  ус зайлуулагч тавиагүй замын эсвэл барилгын компанийн буруу юу гэдгийг тэд тогтооно Тиймээс тэндээс тодруул” гэв. Харин энэ асуудлыг хариуцсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилга, байгууламжийн  бай­цаагч ээлжийн амралтаа авсан. Хэлтсийн дарга нь  “ХСҮТ-ийн барилга, байгууламжийн  дүгнэлтийг ЭМЯ-нд өгсөн байгаа”  гэв

 

MRI  аппаратын тухайд  үер усны асуудал ид яригдаж байхад “Анх Австралийн хөнгөлттэй зээлээр оруулж ирнэ гэж яриагүй” гэсэн мэдээлэл дуулдаж байсан юм.  Тэгэхээр хэн, яагаад Автсралийн хөнгөлттэй зээлээр оруулж ирсэн бэ. Сайд, дарга нарын “шахааны бизнес”  байсан уу гэдэг ч мөн тусдаа шалгах асуудлын нэг болж үлдэв.

 

УЛСЫН ТӨВ I ЭМНЭЛЭГ  CR БАГАЖ, MRI  АППАРАТАА  ЗАСУУЛААГҮЙ БАЙНА

 

Улсын төв I эмнэлгийн CR багаж  эвдэрч мэс засал хүлээгдэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас дуулдсан.  Мөн хоёр байдаг  MRI аппаратынх нь нэг  эвдэрчээ.  MRI аппаратыг Австралийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр олон улсын  эрх бүхий компани нийлүүлсэн байдаг.  Ханган нийлүүлсэн байгууллага болон  Улсын төв I эмнэлэг, ЭМЯ-ны тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнүүд хамтран хэд хэдэн удаа  хурал зохион байгуулсан ч  шийдэлд хүрэхгүй наадмын дараа хүртэл хэл ам дагуулж байв.  Улсын төв I эмнэлгийн зүгээс ханган нийлүүлсэн байгууллага доголдолтой аппарат нийлүүлсэн, эсвэл угсралтын явцад алдаа гаргасан гэсэн дүгнэлтийг  танилцуулдаг. Нийлүүлсэн байгуул­лагын­хан нь  ашиглалтын буруу,  цахилгааны хэлбэлз­лээс үүдэлтэй гэмтэл гарсан гэдэг. ЭМЯ-ны ажлын хэсгээс бусад эмнэлгийн MRI аппарат эвдрээгүй байхад цахилгааны  хэлбэлзэлтэй холбож үзэх нь өрөөсгөл гэж үзэн  мэргэжлийн байгуул­лагаар дүгнэлт гаргуула­хаар хандсан гэсэн мэдээллийг өнгөрсөн сард өгч байв.MRI аппаратыг   Монголд засах боломжгүй тул  гадаадаас мэргэжилтэн урьж ирүүлэхээс  өөр аргагүй юм.  Иймд  ЭМЯ-ны зүгээс   Австралийн  компанид хандан   эвдэр­сэн  аппаратыг шинээр солих эсвэл засч өг  гэсэн  асуудлыг тавьж албан бичиг илгээсэн сурагтай. Улсын төв I эмнэлгийн Эмнэлзүй, чанарын  алба­наас тодруулахад  “Манай эмнэлэг хоёр MRI  аппараттай. Нэг нь эвдэрсэн тул ачаалалтай ажиллаж байна. Австралийн компанид албан бичиг явуулсан гэсэн. Салбарын яам  мэдэж байгаа” гэв. Энэ асуудлыг хариуцсан ЭМЯ-ны ажилтан мөн л ээжлийн амралтаа авчээ.

 

ЭМЯ  энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх нь ойлгомжтой. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Эвдэрсэн аппаратууд Австралийн хөнгөлөлттэй зээлээр орж ирсэн, олон улсын  нийлүүлэгч компани мэднэ гэхээс өөр хариуцагчдын талаар хэлчих  хүн алга. Нэг улс, нийлүүлэгч компанийн цаана манай сайд, дарга нар, цаашлаад томоохон эм­нэл­гүүдийн дарга нарын  “шахааны бизнес”  юм биш биз.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.ХЭРЛЭН

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uuniig bichigch mash buruu medeeleltei bainaa..havdariih chini onoshlogoonii MRI bishee...Tuya emchilgeenii apparat shuu dee..olon ulsiin baiguullagaas 3 jiliin omno unegui iruulehed ni barilga ni standart bus geed baigaa geseen
2018-08-17
хувьсгалаа л хийцгээе
2018-08-16
ийм яам гэж юу байдын бээ
2018-08-16
mongol chin emnelegiin tonog tohooromj zasdag mergejilten beldeed bdag yum bna lee shuu dee, ted nar zasaj chaddaggui yum bol tiim mergejiltenuud beltgeh hereg bna uu
2018-08-15
Ийм цэвдэг хүйтэн сэтгэлтэй ард иргэдийн өмч хөрөнгө эрүүл мэндээр мөнгө хийдэг төрийн ажил хийсээр хувийн бизнесээсээ татвараа төлөн амьдралаа авч яваа ААН ээс хол давсан орлого хадгаламжтай болсон гэдэг нь батлагдсан байхад яагаад хатуу арга хэмжээ авдаггүй зөвхөн захын ААН тэй хариуцлага яриад булзаад б гаа юм бэ. Шууд буруутан нь өмчийг хадгалах хамгаалах ашмглах үүрэг бүхий эмнэлэг биз дээ.
2018-08-15