Турк, Катараас хөрөнгө оруулалт авахаар боллоо
2018-08-16

Туркийн Засгийн газар Катар улсаас 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. "Анкара хөрөнгө оруулалт авахаар боллоо" гэх таатай мэдээллийн дараахан лийрийн ам.доллартай харьцах ханш 6 хувиар өсчээ.  

 

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган өчигдөр Катарын тэргүүн Шейх Тамим бин Хамад аль Тхантай уулзсан юм. “15 тэрбумаар Анкара эхний ээлжинд савлаад буй лийрийн ханшийг тогтворжуулах, санхүүгийн салбарт зориулах болно” хэмээн Эрдоган мэдэгдлээ.

 

 

“Бидэнд олон найдвартай түнш бий гэдгийг баталсан үйл явдал боллоо” хэмээн Туркийн Худалдааны сайд Рухсар Пекжан хэлэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлсэн билээ.  Турк өчигдөр АНУ-д хариуг нь барьж, тус улсын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болсноо зарласан юм.

 

 

Уг мэдэгдлийн дараа Туркийн үндэсний валют лирийн ханш ихээхэн унах болжээ.  АНУ-ын иргэн шашны номлогч Эндрю Брансоныг Турк, террорист үйл ажиллагааг дэмжсэн хэмээн буруутган баривчилсанаас болж хоёр улс зөрчилдөх болсон.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин