Путин, Меркел нар Сирид тусламж үзүүлэхээр тохиролцлоо
2018-08-20

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Германы нийслэл Берлин хотноо айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр канцлер Ангила Меркелтэй уулзаж, Сири болон Украины асуудлаар ярилцсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Путин “Нэн яаралтай Сирид үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлж, эрчимжүүлэх учиртай. Хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Тус улс дахь террористуудын хүч суларсан. Сирийн Засгийн газар ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхээр ажиллаж байна. Бид тэдэнд тусламж үзүүлж, бэрхшээлээ даван туулахад нь туслах нь зөв. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ОХУ-аас гадна Германы Засгийн газар ач холбогдол өгөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Уг саналыг Меркел хүлээн авч, “холбоотнуудаа уг энхийн үйл ажиллагаанд татан оролцуулах болно” хэмээн Путинд амласан аж.

 

“Хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, иргэний дайн болон террористуудын үйл ажиллагаанаас зугтаан, хил давсан сиричүүдийг нутаг буцаахад гол үүрэг гүйцэтгэх болно” гэдгийг Путин онцлов.

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад энэ сарын эхээр эх орноосоо дүрвэсэн ард түмнээ эргэн ирэхийг уриалж, нийтийн хүчээр сөхрөөд буй улсаа сэргээх хүсэлтэй буйгаа уламжилсан юм.

 

Украины зүүн хязгаарын зөрчил үе үе хурцдаж байгаа. Энэ талаар Путин “Нормандын дөрвөл 2” холбоо дахин хуралдах цаг иржээ” гэлээ. Уг холбоонд ОХУ, Франц, Герман болон Украин багтдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин