Кристина Ноблийн сангаас 46 оюутанд 62 сая төгрөгийн тэтгэлэг олгов
2018-8-21

Кристина Ноблийн хүүхдийн сан өнөөдөр 46 хүүхэд, залууст 62 сая төгрөгийн боловсролын тэтгэлгийн батламжийг гардууллаа. Тус сан нь “Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөр”-өөрөө дамжуулан хүүхэд, залуучуудад мэргэжлийн болон дээд боловсрол эзэмших боломжийг 17 дахь жилдээ олгож байгаа аж. Энэ удаа 2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох хүүхэд, залуучуудыг сурах чин эрмэлзэл, идэвх санаачилга, суралцах чадвар, ар гэрийн боломж зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай сонгосноор ийнхүү 46 хүүхэд, залууст 50-100 хувийн сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.  

 

 

Батламж гардуулах ёслолыг тус сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Томас Минтер нээж, шинэхэн оюутнууддаа хандан үг хэлэхдээ “Энэхүү хөтөлбөрөөрөө бид сангийн үйл ажиллагаанд хамрагдаж буй хүүхдүүдийг сурч боловсроход нь тэгш боломжоор хангаж, ар гэрийг нь санхүүгийн ачааллаас хөнгөвчилж, боловсролтой, зөв хүнийг бий болгох, тэднийг нийгэмд хувь нэмрээ оруулахад нь бодитой туслалцаа үзүүлэх зорилготой” гэсэн юм. Мөн тус сангийн тэтгэлэгт хамрагдаж, сургуулиа амжилттай дүүргэсэн төгсөгчдийн төлөөлөл, залуу манлайлагч н.Ёндонжамц хүрэлцэн ирж, туршлагаасаа хуваалцав.  

 

Кристина Ноблийн хүүхдийн сан нь нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газартай хамтран ажилладаг бөгөөд нийслэлийн есөн дүүрэг болон Булган, Орхон аймгийн амьжиргааны түвшний дунджаас доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хөтөлбөртөө хамруулдаг байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2001 оноос хойш 600 орчим сая төгрөгийн тэтгэлгийг 659 оюутан залуус олгож, мэргэжил, боловсролтой болоход нь тусалжээ. 

Shuud.mn
Сонин хачин