Нийтийн тээврийн цэвэрлэгээнд онцгой анхаарна
2018-08-22

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газар, "Ulaanbaatar smart card" ХХК-аас мэдээлэл /2018.08.22/ хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн тээврийн газраас энэ сарын 25-наас нийтийн тээврийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр ажлын өдрөөр 959 автобус, троллейбус иргэдэд үйлчлэх бөгөөд 7-8 минутын хүлээлтийн зохицуулалт хийгдэж байгаа аж. Түүнчлэн 12 чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг уртасгажээ. Тодруулбал Шар хад, Хужирбулан, Тахилт, Улаан хуаран, Зайсан, Дэнжийн мянга, Улиастай, Их тойруу, Гачуурт чиглэлийн автобусны ажиллах цагийн хуваарийг 22.30-23.30 цаг болгож, сүүлийн автобусны буух цагийг нэмэгдүүлсэн байна.

 

Нийслэлийн тээврийн газраас энэ жил автобусны цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмж, цэвэрлэгээнд онцгой анхаарал хандуулна гэдгийн тус газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг 24 цагийн турш 70044040 утсаар хүлээн авч байгаа аж.

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зорчигчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран энэ сарын 20-ноос 31-ныг дуустал хамтарсан шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Уг шалгалтын хүрээнд ЕБС-ийн хүүхдийн автобусны шалгалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран явуулсан байна. Нийтдээ 36 сургуулийн 46 автобусыг шалгалтад хамруулахад Эдгээр автобуснаас 13 нь хүүхдийн автобусны стандартыг хангаж зөвшөөрлөө авчээ.

 

Автобусны цахим төлбөрийн картын асуудлаар “Улаанбатаар смарт карт” ХХК-ийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал “Шалгалттай холбогдуулан гэрээт цэгүүдийн үйл ажиллагааг сайжруулж, тааруу ажиллаж байгаа цэгийг татан буулгаж, өөр ТҮЦ-д шилжүүлэх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 538 карт борлуулах цэнэглэх гэрээт цэг ажиллаж байгаа. цаашид иргэдийн картаар төлбөрөө төлөх төлбөрийн картуудын боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Дөрвөн төрлийн картаар төлбөрөө төлөх боломжтой. Мөн одоогоор Хаан банкны картаар автобусанд үйлчлүүлж болно. Тун удахгүй Голомт банкны картаар дамжуулан төлбөрөө төлөх боломж бүрдэнэ” гэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин