Багш нар есдүгээр сарын 3-наас ажил хаяна

МҮЭХ-ноос Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул ажил хаялтыг эхлүүлэх болсноо мэдэгдэж, шуурхай хэвлэлийн бага хурал хийж байна.
Тус холбооноос "2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад хуваагаад найман хувиар цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байна. Иймд МҮЭХ энэ шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Иймд есдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын ҮЭ байгууллагууд ажил хаялтыг зохион байгуулах байр суурь хэвээрээ байгаа" гэв.
МБШУҮЭХ-ны дарга Б.Батзориг "Жил бүрийн хавар ЭЕШ, анги дэвших шалгалт явагддаг тул боловсролын салбарынхан тэмцлийн үйл ажиллагаагаа хойшлуулсан. Гэтэл төр засаг биднийг хайхарч үзэхгүй байгаад боловсролын салбарынхан уур, бухимдалтай хүлээн авч байна. Бид есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн ажил хаялтыг зохион байгуулна. Засгийн газар дангаараа асуудлыг шийдсэн нь болчимгүй үйлдэл. Биднийг 2017 онд тэмцэл хийж байхад нэмэлт хэлэлцээр хийж хэдэн асуудлыг шийдсэн. Нэгэнт шийдсэн асуудлаа дахин ярьж, гал унтраах байдлаар олон нийтэд цалин хөлсийг 30 хүртэл хувиар нэмсэн мэт ойлголт өгч бидний тэмцлийг зогсооно гэвэл үгүй. Бид есдүгээр сарын 1-нд ажил хаяхаар шийдсэн ч амралтын өдөр таарч байгаа учраас есдүгээр сарын 3-ны даваа гарагт ажил хаялтыг явуулахаар шийдсэн" гэлээ.
Зөвхөн ажлын байраа хаяад суух биш нэгдсэн байдлаар нийтийг хамарсан жагсаал, цуглааныг зохион байгуулна гэдгийг боловсролын салбарын ҮЭ холбооноос мэдэгдлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ