АНУ-ын сенатч Жон Маккейн таалал төгслөө

АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жон Маккейн таалал төгссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тэрээр удаан хугацааны турш тархины хорт хавдартай тэмцсний өчигдөр 81 насандаа бурхны оронд заларчээ.
Жон Маккейн өнгөрсөн оны долоодугаар сард хорт хавдартай гэдэг нь оношлогдсон бөгөөд энэ оны эхээр эрүүл мэндийн шалтгаанаар улсын ажлаас чөлөөлөгдсөн юм.
Сенатч эр хавдраас гадна дөрвөн сарын өмнө нарийн гэдэсний хагалгаанд орж, өнөөг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Тэрээр 30 гаруй жил сенатчийн албыг хашсан нэгэн юм. 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр кампанит ажлаа эхлүүлсэн ч намын нөхөр Жорж Бушт намын сунгаанд ялагдаж байв. Мөн 2008 онд намаасаа гарсан ч сөрөг хүчин Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обамад сонгуульд ялагдал хүлээжээ.
Буш, Обама зэрэг үе үеийн Ерөнхийлөгч нар сенатчийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ