“Зоос гоёл” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа
2018-08-30

 

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая, “Мандал даатгал” ХХК-ийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 243 016 ширхэг үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэлээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1 560 754 ширхгийг 4800 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.

 

“Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК, “Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК” андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх хоёр IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтлоо.

 

Хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмын шинэчлэлээр “олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг жолооч” гэж журамд хамаарагчийг тодотгосны дээр Хорооноос хуваарилсан жолоочтой гэрээ байгуулахдаа даатгагч нар нэмэлт нөхцөл шаардахгүй байх зохицуулалтыг нэмэв.

 

Мөн хуралдаанаар, нийт хувьцааны 90.19 хувь төвлөрсөн “Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох тухай шийдвэрт үндэслэн тус компанийн нэг бүр нь 28800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13038 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнтэй холбогдуулан 5-аас бага хувийн хувьцаа эзэмшиж буй 369 хувьцаа эзэмшигчид оногдох ногдол хувийг нэгж хувьцаанд 289440 төгрөгөөр тооцож авахыг компанид үүрэг болгож, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэж болохыг эрхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй үлдээв.

 

Түүнчлэн хуралдаанаар, “Монре даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-гийн хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт орууллаа. Мөн холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангасан “Капитрон банк” ХХК, “Марш брокерс” ХХК даатгалын зуучлагчийн, “Их эрин капитал” ХХК, “Орчлон автофинанс” ХХК, “Машид дэвжих” ХХК банк бус санхүүгийн зээлийн, “Арвин хишиг өргөө” ХЗХ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, “Сонгомол финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо. “Итгэмжит” ХЗХ, “Мантаг” ХЗХ, “Өргөжих эрдэнэ хан уул” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг тус бүр гурван жилээр сунгаж, “Лидер экаунт аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.

 

Хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтаар багагүй зөрчил илэрсэн “Субуд” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг зөрчлөө арилгатал гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Өсөх өндөр” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Майкро кредитинвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лендс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Стандарт таваар ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.

Shuud.mn
Сонин хачин