Ирээдүйн эзэд чуулсан "САНТ"
2018-09-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Сургуульд орсон анхны дурсамж хэн бүхэнд тодхон санагддаг буй за. Өтгөн хар гэзэгтэй. Тэр гэзэгнийхээ үзүүрт хоёр том цагаан туузан цэцэгтэй. Хөх даалимбан дээлтэй. Улаан хацартай. Энэ миний сэтгэлдээ зурсан багийн минь  "хөрөг". Дөнгөж оюутан болоод би сэтгэлдээ зурагдсан гэнэн багын энэ хөргөөсөө жигтэйхэн ичдэг байж билээ. Тэгтэл одоо  санах нь ичих зүйл биш. Харин гэмгүйхэн, дэггүйхэн сурагч үе минь гэгээн бүхний эхлэл байсан юмдаг уу даа.  Ийн бодсон нь ижий, аавдаа хөтлүүлэн эрдмийн их өргөөнд анхлан хөл тавьж буй цэцгэн настай жаалуудыг харж, сэтгэл багахан нялхарсан хэрэг. Тиймээ өнөөдөр есдүгээр сарын 1.

 

Хүний амьдралд гэгээн дурсамж үлдээх энэ өдрийг хүүхдийн инээд, ижий аавдаа хорогдсон багачуудын хөнгөхөн гуниг, ахлах ангийнхан, хэн нь хэрхэн өөрчлөгдснийг ярилцах дотнохон хөөрөлдөөн дунд өнгөрүүлэхээр "Сант" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг зорилоо. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлт 14.00 цагт сургуулийн байрны гадна талбайд эхэлсэн. Нээлт эхэлхээс цагийн өмнө очиход ахлах ангийн сурагчид хэдий нь ирчихсэн харагдана. Хажууд зогссон охидын яриаг сэм чагнавал “Нөгөө ангийн Баяраа жигтэйхэн өндөр болсон байна билээ”, “Үсээ тайрсан чинь чамд ёстой гоё зохиж байна” хэмээн өөр хоорондоо шивнэлдэх ажээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нээлт эхэллээ. Хичээлийн шинэ жилийн нээлтэд “Сант” сургуулийн захирал З.Эзэнмөнх оролцож, багш сурагчдад эрдмийн баярын мэнд дэвшүүллээ. Энэ сургуулийн хамт олон хичээлийн шинэ жилийг ололт, амжилт дүүрэн угтаж буй аж. Учир нь тус сургуулийн сурагч Б.Хулан олон улсын биологийн олимпиадаас анхны мөнгөн медалийг авчирсан байна. Энэхүү медаль нь биологийн хичээлийн олимпиадаас авсан Монголын анхны медаль аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Сант" сургуулийн сурагчид олон улсын олимпиад, тэмцээн уралдаанд улсынхаа, сургуулийнхаа нэрийг дуурсгах нь олонтаа. Сурагчдын амжилтын талаар тус сургуулийн математикийн багш Д.Ганчимэг “Сант” сургуулийн хувьд өнгөрсөн жил ололт амжилтаар дүүрэн жил байлаа. 2017-2018 оны хичээлийн жилд хот, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан олон олимпиадад амжилттай оролцсон бөгөөд олон улсын олимпиадад сурагчид маань бахдам амжилт гаргасан. Тухайлбал биологийн олон улсын олимпиадаас манай улсын хамгийн анхны мөнгөн медалийг сурагч Хулан авчирлаа. Химийн олимпиадад сурагч Хас-Ананд хүрэл медаль, математикийн охидын олимпиадаас сурагч Итгэл маань мөн хүрэл медаль хүртсэн юм. Олимпиадаас гадна урлаг, спортын төрлөөр сурагчид маань манлайлсан. Тухайлбал 2018 оны таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс сурагч Энхгэгээ алтан медаль, даамын спортоор сурагч Чинзориг маань Улсын аварга болсон. “Сант” сургууль сурагчдаа дэлхийн давцанд гаргахыг зорьдог. Тиймдээ ч дэлхийн хэмжээний сургалтыг явуулдгаараа онцлогтой. Өнгөрсөн жилээс програмчлал, хиймэл оюун ухааны хичээлүүдийг сургалтын хөтөлбөртөө оруулсан. Энэ жил шинээр сургалтандаа Хятад хэлний хичээлийг нэмсэн байгаа” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Сант” сургууль нь өнгөрөгч тавдугаар сараас Монголд анх удаа дунд ангийн сурагчдад зориулан хиймэл оюун ухааны сургалтыг явуулж эхэлсэн. Энэхүү сургалт нь хиймэл оюуны үндсийг мэргэлжийн багш нар хамгийн энгийн ойлгомжтойгоор тайлбарлан, сургалтыг чөлөөтэй сэтгэх, харилцан ярилцах, хамтран суралцах орчинд хүүхдийн чадамжийг нээн, хиймэл оюуны мэдлэгийг практикт хэрхэн ашиглах, програмчлах дадлагыг Python програмчлалын хэл дээр заадгаараа онцлог юм. Тэгвэл тус сургуулийн зүгээс үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, энэ хичээлийн жилээс хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөртөө нэмжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Сант" сургууль 1500 гаруй сурагчтай. Энэ жил анхлан сургуулийн босго алхаж, тус сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж буй Б.Мөнх-Эрдэнэ хүү "Сургуульд орох гоё санагдаж байгаа. Өнөөдөр сургуулийн үүдэнд маш олон хүүхэд цугларсан байгааг хараад надад их гоё санагдаж байна. Би сургуульд ороод хамгийн түрүүнд зөндөө олон найзтай болно гэж бодож байгаа. Би онц сурна. Тэгээд ирээдүйд алдартай гэрэл зурагчин болохыг мөрөөддөг. Сурагч болохоор өдөр болгон өглөө эрт босно, бас даалгавар хийнэ гэдгийг ээж маань хэлсэн. Гэхдээ би нойрмоглохгүй. Хичээл хийх гоё" хэмээн хэвлүүхэн яриа өрнүүллээ. 

 

Энэ өдрөөс л эрдэм номын алсын алс харгуйд багачууд хөл тавьж, ирээдүйд хэн болохоо мөрөөдөж, тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу суралцана. Онц сурч, сайн сайханд түүчээлэхийг тэдэнд ерөөж, эрдэм номын их аянд нь амжилт хүсье. Сайн цагийн эхлэл болоорой бяцхан жаалууд минь.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин