Төсвийн байгууллагын ажилчдын дундаж цалин 781 мянган төгрөг
2018-09-12

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд наймдугаар сарын эцэст 32.4 мянга болжээ. Үүнээс 23.1 мянга нь ажилгүй, 9.3 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.2 мянган хүнээр буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

 

Монгол Улсын дундаж сарын цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж боловсруулдаг байна. Энэхүү тайланд энэ оны хоёрдугаар улиралд 39.7 мянган аж ахуй нэгж байгууллагын 636.5 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын 46.9 мянга нь 240 мянган төгрөг хүртэлх цалинтай, 226 мянга нь 500 мянган төгрөгнөөс 900 мянган төгрөгийн цалинтай, 85 мянга нь 1 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг, орон нутгийн өмчит үйлдвэрлэлийн газарт ажиллагчдынх 747 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 781 мянган төгрөг байна. Энэ нь Улсын дундаж цалингаас 194-547 мянган төгрөгөөр бага үзүүлэлт аж.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалаар авч үзвэл уул уурхай олборлогчдын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, урлаг үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

 

Ажилчдын тооны бүлгээр авч үзвэл 1-9 ажиллагчтай аж ахуй нэгж байгууллагын сарын дундаж цалин 635 мянган төгрөг, 50-99 ажиллагсадтай байгууллагынх 897 мянган төгрөг, 100-199 ажиллагчидтай  байгууллагын сарын дундаж цалин 1 сая төгрөг байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
яахаараа ингэж худлаа үндэсгүй юм бичдэг байнаа ингэж олны санааг төөрөгдүүлж байгаа хороог хариуцлага хүлээлгэж ажлаа мэддэг хүмүүс тавимаар юм
2018-09-12
БАТ ИНЖЕНЕР:
ҮСХ-г татан буулга юунд ингэж худлаа юм ярьж байдаг Юм бэ.
2018-09-12