Улаанбаатар
18 жилийн хугацаанд автомашины тоо 800 мянгаар нэмэгджээ
9-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлээ.

 

Сүүлийн 10 гаруйхан жилийн хугацаанд автомашины хэрэглээ эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл, зам тээврийн осол, түүнээс үүсэх хохирол, байгаль экологийн доройтол, хүний амь насанд ч халтай байх зэрэг сөрөг нөлөөлөлд автах хэмжээнд хүрээд байна.

 

Тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр импортолсон автотээврийн хэрэгслийн тоо, тэдгээрийн шилжилт хөдөлгөөний ачаалал жил бүр нэмэгдэж байна.

 

Тухайлбал Монгол улс 1995 онд 29482 суудлын автомашин, нийт 60212 автомашинтай байсан бол энэ тоо 2000 онд 44051 ба 81693, 2005 онд 87792 ба 131184, 2010 онд 172583 ба 254486, 2015 онд 509287 ба 720278, 2018 оны эхний 7 сарын байдлаар  суудлын 613186, нийт тээврийн хэрэгсэл 851179 бүртгэлтэй болоод байна.

 

Гэвч тээврийн хэрэгслийг өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношлогоонд оруулахгүй байх зөрчил гаргадаг байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн энэхүү тоймжиргүй байдлыг ашиглан гэмт этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах тохиолдол бүртгэгдэх болжээ.

 

Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриалав.

 

Ингэснээр дээр дурьдсан олон гэмт хэрэг, алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд таны нэр дээр торгуулийн хуудас, татварын нэхэмжлэл ирэх, аливаа гэмт хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад дуудагдах, банк санхүүгийн байгууллагад өртэй болох, автомашинтай холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах зэрэг асуудал эрс цөөрөх юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Метро барь. Тэгвэл машин унахгүй ш дээ
2018-09-14