ШУУД:Багш нарын ажил хаялт зогслоо
БСШУСЯ болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийлээ. Талууд зөвшилцөн тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:
-Хичээлийн шинэ жилийн эхлэл буюу есдүгээр сарын 3-нд багш нар цалин нэмэх асуудлаар хугацаагүй ажил хаялт зарласан. Өнөөдөр Засгийн газар болон багш нарын үйлдвэрчний эвлэл зөвшилцөж, хэлэлцэлд хүрсэн тул ажил хаялт зогсож байна. Тиймээс өнөөдрөөс сургууль, цэцэрлэгүүд хэвийн үйл ажиллагаанд орлоо хэмээлээ.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс "БСШУСЯ-тай зөвшилцсөний хүрээнд тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж, зөрүүг арилгаж чадлаа. 2019 онд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 20-иос доошгүй хувь нэмэгдүүлэхээр талууд санал тохирлоо. Ажил хаялтад оролцсон ажилтнуудын цалинг олгоно" гэдгийг онцолсон юм.
Ажил хаялт зогссон ч, хэлэлцээр цаашдаа үргэлжлэн явагдах юм байна. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ажил хаясан багш нарт дарамт шахалт үзүүлсэн гэдэг үнэн үү?
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:
-Ажил хаяж байсан багш нарт ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй. Үйлдвэрчний эвлэлийнхэн улс орны нөхцөл байдлыг харгалзаж үзээд, энэ ондоо 25 мянган ажилчдын цалингийн зөрүүг арилгаж байна. 2019 оноос шат дараалалтай цалинг нэмэхээр зөвшилцөл үргэлжилнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөлөл "Бидний тавьсан шаардлага 75 хувьтай биелсэн. Бид ажил хаялтаа түр зогсоож байна. Багш нар бид хойч ирээдүйг бэлтгэдэг хүмүүс. Хойч үе маань биднийг хүлээж байгаа. Тиймээс улс орон даяар ирэх нэг дэх өдрөөс сургалт хүмүүжлийн ажил албан ёсоор явагдана. Ирэх оны улсын төсөв батлагдсаны дараагаар бид дахин хэлэлцэнэ" гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ