Баянзүрхийн товчоо хүрэх 3.4 км замыг ЕС хоногт шинэчиллээ
2018-09-20

 

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ.

 

Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцов. Тус 3.4 км авто замын Баянзүрхийн гүүрээс товчоо хүртэлх 0.8 км-ийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулан өргөтгөж зорчих хэсгийг дөрвөн эгнээ болгосон байна. Харин Баянзүрхийн гүүрээс Улиастайн уулзвар хүртэлх 2.6 км авто замд шинэчлэлт хийн, сайжруулжээ.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Налайх, Чойр чиглэлийн хотоос гарах зам эвдрэл ихтэй шинэчлэгдээгүй үлдсэн байсан. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ замыг шинэчлэхээр болоод хотын зүгээс газар чөлөөлөлтөөс авахуулаад бүх бэлтгэлийг нь хангасан байсан. Зээлийн асуудалд хүндрэл гарч хоёр жилийг өнгрөөгөөд байна. Иргэдийн зүгээс энэ замыг янзлах, шинэчлэх зэрэг саналууд тавьж байсан.

 

Мөн Баянзүрхийн товчоог татан буулгаж, Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл замыг шинэчлэн баригдах хүртэл Баянзүрхийн товчооноос Улиастай уулзвар хүртэл авто замыг засч, янзал гэсэн үүргийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн. Үүний дагуу замын зорчих хэсгийг ес хоногийн дотор хурдан шуурхай шинэчлэн, өргөтгөж ашиглалтад орууллаа.

 

Өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотод Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байгаа. Энэ хуралдаанаар ирэх хавраас Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлэх болж байна” хэмээн ярилаа.

 

Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам нь анх 1965 онд ашиглалтад орж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН З.4 КМ ЗАМЫГ 3 Жилд хийж их юмаар гийгүүлж дээ... Энэ маягаар бол НАЛАЙХ хүртэдх замыг 30 жил хийх нь л дээ... МАН -д БҮҮ ИТГЭ...
2018-09-23
Im xurdanuu us zailuulax shugamaa xisen yumu mon toxichilt
2018-09-21
3 жилд 3 км зам барих шивдээ?! Тэгээд бас нээгээд бнаа! Батболд ичээчээ!
2018-09-20