Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэв
2018-09-21

 

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байх үр дагавар бүхий зохицуулалтыг хуульчилсан байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас гадна тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолохоор тусгасны зэрэгцээ тоолохгүй байх үндэслэлийг мөн хуульчилсан байна гэж Цэцийн хуралдаанаас дүгнээд дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.

 

Түүнчлэн уг дүгнэлтэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааны талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох буюу тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолох, тоолохгүй байх үндэслэлийг дэлгэрүүлэн тогтоох шаардлага байхыг үгүйсгэхгүй хэмээн дурджээ хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин