Эзнээ хүлээсэн эрэлч нохой СОНИ
2018-09-24

 

Намрын сэрүүн өглөөний жаврыг ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран бүтээлчдийн сүр, жавхаатай хөгжим уярааж, нэг эгнээнд зэрэгцэн жагссан сэтгүүлч нөхдийн эв хавгүй ёслогоо энэ өдрийг эрхгүй хөгжилтэй эхлүүлсэн юм.

 

Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан эрх зүйн сургалт, өдөрлөгийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд өнгөрөгч баасан гарагт /2018.09.21/ зохион байгуулсан. Энэхүү сургалтад эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг 50 гаруй сэтгүүлч хамрагдав. Сэтгүүлчид “Мөшгинө", “Сэрдэнэ”, “Хардана”, “Тагнана” гэсэн дөрвөн багт хуваагдан, ур чадвараа сорилоо.  

 

Жагсахад учир бий...

 

 

Аливаа жагсаал, цуглаан болоход “Ард түмэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэтэл цагдаа нар хүч хэрэглэлээ, албадан тараалаа” гэх гомдол гаргах нь элбэг. Энэ гомдлыг гаргагч иргэдийн “талд” бид ажилладаг бол энэ удаад жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдлын үед цагдаа нар хэрхэн ажилладаг болохыг биеэр мэдрэв.

 

Эмх замбараагүй үймээний үед өмсдөг цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын хувцсыг өмссөн даруйд хөл, гараа арай хийн хөдөлгөж байв. Учир нь хөл, гар, тохойн хамгаалалт, малгай, бамбай зэрэг бүхий л хэрэгсэл асар хүнд санагдсан. Эдгээр хувцас, хэрэглэлтэйгээр эмх, замбараагүй жагсаал цуглааныг тараахаар цастай, бороотой алинд ч өдөржин зогсоно гэдэг үнэхээр цагдаагийн алба хаагчдын л чадах ажил аж.

 

Нэг багийнхан хууль бус жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэх үзүүлэн тоглолт хийлээ. Харин нөгөө баг нь тэднийг зохион байгуулалтад оруулахаар ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын дүрд хувирав. Жагсагчид чулуу, мод, төмөр гарт тааралдсан бүхнээ өөдөөс шидэхэд өөрийгөө болоод нөхдөө хэрхэн хамгаалах, даргын дохиогоор урагш давшилж, буцаж ухрах зэрэг нь бүгд нэгэн зэрэг, жигд явагдах учиртай аж.

 

Аравхан минутын хууль бус жагсаалыг тараах үзүүлэн тоглолтод цагдаагийн дүрд хувирсан ч хамгаалалтын хувцасны хүндэд түүртэж, жагсагчдын эмх цэгцгүй сөрөг дайралтад эрхгүй тэвдээд амжив. Гэтэл 10 цаг, 10 хоног энэ хувцас хэрэглэлтэйгээр үүнээс ч хүнд, хэцүү нөхцөлд ажилладаг цагдаагийн алба хаагчдын зориг, тэвчээрээр бахархахгүй байхын аргагүй.

 

Ард түмэн хэнд ч гэм хор учруулалгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байтал, цагдаа нар хүч хэрэглэлээ гэх байр суурьнаас хандах нь элбэг. Гэтэл аливаа жагсаал цуглаан тодорхой зөвшөөрөл, дүрэм журмын дагуу явагдах учиртай тул хууль бус жагсаал, олон нийтийг буруу зүйлд уриалан дуудсан хөдөлгөөнийг л үүрэг, даалгаварын дагуу зохион байгуулалтад оруулах, тараах ажиллагаа явуулдаг болохыг цагдаагийн алба хаагчид учирлаж байлаа.

 

Монголын тусгай албаныхан хамгийн шилдэг нь

 

 

Зөрчлийн тухай хуулийн талаар мэдлэг олгох сургалтад хамрагдан, танхимд сууж байтал гадаа буун дуу хадаж, манай хоёр сэтгүүлчийг барьцаалсан тухай мэдээ ирэв. Энэ бол тусгай албаны алба хаагчдын бидэнд үзүүлсэн практик сургалтын эхлэл юм. Хэрэв хүн барьцаалагдсан тохиолдолд хамгийн түрүүнд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл ирнэ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж, барьцаалагдсан хүнийг суллах ажиллагааг явуулна. Гэвч үр дүнд хүрэхгүй бол хамгийн эцсийн арга нь тусгай албаныхантай хүч хавсрах аж. Энэхүү сургалтаар барьцаалсан этгээдүүдтэй хэлэлцээр хийх, шаардлагыг биелүүлэх, мэргэн бууч ажиллуулах зэргийг практикаар үзүүлэв.

 

Сэтгүүлчдийн багийн дөрвөн гишүүн барьцаалсан этгээдүүдтэй хэлэлцээр хийхээр очиход “Сая доллар, шатахуун дүүрэн онгоц, мөн шоронд хоригдож буй Бекийг суллах шаардлага тавьж, оронд нь барьцааны ганцхан хүнийг суллана гэв. Тэгтэл хэлэлцээрийн багийн нэг гишүүн нь “Тийм даварсан юм гэж юу байхав. Хоёуланг нь сулла. Үгүй бол та нар өөрсдөө асуудалд орно” гэх зэргээр өмнөөс нь эсэргүүцэл илэрхийлэхэд дахин буун дуу хадаж, “Тэгвэл барьцааны хүнийг буудан хорооно” хэмээхэд бүгд айх, гайхах зэрэгцэн, амьдрал, сургалт хоёрыг хольж будлив. Барьцаалсан этгээдүүдийн хүсэлтийг биелүүлж, нэг сэтгүүлчээ аварлаа. Харин үлдсэн нэгнийгээ аврах эцсийн арга бол тусгай албаныхан байв. Тусгайгийн мэргэн бууч байшингийн дээвэр дээр байрлаж, барьцаалагчид барьцааны хүнийг машинд суулган хөдлөх агшинд тусгайгийн автомашинтай алба хаагчид замыг хаан зогсож, мэргэн бууч барьцаалагч этгээдүүдийг буудсанаар бид дахин нэг сэтгүүлчээ аврав. Гэхдээ энэ бол сургалт...Тусгайгийн алба хаагчид ингэж л бидэнд практик сургалт зохион байгуулж, анхны ойлголт мэдлэг олгосон нь ихэд сонихон, бишрэм байв.

 

 

“Монголын тусгай мундаг” гэдэг үгийг олонтаа сонсож байсан ч нүдээр үзэж, биеэр мэдэрсэн надад бол Монголын тусгай хамгийн шилдэг нь....Манай тусгайгийн алба хаагчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үргэлж түрүүлдэг...тухайн тэмцээнээр намган дунд хоёр цаг унтах зэрэг хүнд хэцүү даалгавар ирдэг ч манайхан торхгүй давдаг зэргийг сонирхуулж ярьсан юм.

 

Эзнээ хүлээсэн эрэлч нохой СОНИ

 

 

 

Дараа нь цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэдэг үнэрч нохдын үзүүлэх тоглолт үзэж баясав. Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэдэг байна. Нохойн төлөөлөгч албаны нохойг хоёр сартайгаас нь хамт байж, сургадаг аж. Нохойд өдөр бүр хар тамхи орлогч бодис зэргийг үнэртүүлж, дасгадаг бөгөөд хоолоор нь хуурч дасгал хөдөлгөөн заадаг байна. Нохой сургагч нь нохойгоо л сургах үүрэгт ажилтай. Гэвч сонсоход хялбар мэт боловч маш их цаг хугацаа, нөр их хичээл зүтгэл шаарддаг ажил болохыг нохойн төлөөлөгчид хэлж байлаа. “Бамбарууш” дуудлагатай немц овчарк нохой хар тамхитай чемоданыг илрүүлж, "Нээрээ" дуудлагатай спанель үүлдрийн жижигхэн нохой автомашины дугуйнд наалдсан бодисыг илрүүлж биднийг бишрүүлэв.

 

 

Нохой сургалтын төвд очиход бүх ноход үүрэндээ хэвтэж байсан бол ганцхан нохой л ирсэн бүх хүн рүү эрж хайсан нүдээр харж зогссон. Энэ нохойг Сони гэнэ. Түүнийг найман жилийн турш сургаж, хамтдаа хэрэг илрүүлж явсан төлөөлөгч нь тэтгэвэртээ гараад удаагүй аж. Эзнээ хүлээсэн хөөрхий нохой хоол ч идэхгүй, орж гарсан хүн бүрийг эзнээ хэмээн горьдох болсныг алба хаагчид хэлж байлаа. Эзнийг нь буцаан ажилд авах уу эсхүл нохойг нь өгөөд хамтад нь тэтгэвэрт гаргах уу гэдэг асуудал цагдаагийн албанд тулгараад байгаа аж. Нохой үнэхээр ухаантай амьтан юм. Хэрэг илрүүлэх чадвартай, эзнээ хүлээдэг сэтгэлтэй...

 

 

Ийнхүү нэг өдрийн сургалтад хамрагдаж, цагдаагийн албаны хүнд хэцүү болоод гайхам сайхантай танилцлаа. Өдөрлөгийн төгсгөлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Цагдаа дотоодын цэргийн  сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Х.Батболд нар "Эрх зүйн мэдлэг"-ийн 0.5 кредит сургалтын сертификат гардуулсан юм.

 

 Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин