Хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2018-09-26 15:00

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Марк Фийлдтэй 9 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

 

Уулзалтын үеэр талууд эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлоод худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, хөдөө аж ахуй, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, боловсрол, харилцаа холбоо, аялал жуулчлал зэрэг салбарт идэвхитэй хамтран ажиллах, хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. ИБУИНВУ-аас Монгол Улстай харилцах Худалдааны элчээ 2018 оны 1 дүгээр сард томилсон нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.

 

Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг ярилцаж, энэ хүрээнд хамтран ажиллах боломж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Эх сурвалж:ГХЯ

Shuud.mn
Сонин хачин