Тавантолгой ХК-ийн МЭДЭГДЭЛ
2018-09-28

Тавантолгой ХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангахыг шаардах тухай

 

Эрдэнэс Тавантолгой компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн хооронд кадастрын хил нийлсэн газруудад, дөрөвдүгээр давхарга дээр технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад268 мянган тонн нүүрс олборлогдсон байгааг тогтоон, хоёр жилийн өмнөтөлбөрийн талаар харилцан тохиролцож акт үйлдсэн билээ.

 

Үүнийг дөрөөлөн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар тодорхой зорилгоор удаа дараа улс төржсөн, бодит байдлаас гажсан мэдэгдлүүдхийж, олон төрлийн шалгалтуудыг давхардуулан хийсээр байгаагийн улмаас Тавантолгой компанийн үйл ажиллагааг 6 дугаар сараас хойш 2 сарын хугацаанд зогсоосон юм. Сул зогсолтоос шалтгаалан энэ жилийн нүүрс борлуулалтын төлөвлөгөө тасалдах нь тодорхой боллоо. Хэрэв дээрх хугацаанд хэвийн ажиллаж байсан бол:

 

        • 1 сая тонн нүүрс олборлон борлуулж,
        • 108.8 тэрбум төгрөгийн орлоготой,
        • 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,
        • 36 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх боломжтой байв.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар нь үндэслэлгүй хардлага, хэт туйлшруулсан мэдээлэл түгээхийн зэрэгцээ орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн дотоод асуудалд хутгалдан орохыг хичээж байна. Тэд өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр компанийн удирдлагыг бүрэлдүүлэхийг хичээж, компанийн гүйцэтгэх захирлыг халах, солихыг шаардах зэргээр зохисгүй аашлах  боллоо.

 

Орон нутгийн өмчит Тавантолгой ХК нь улс төрийн байгууллага биш бөгөөд бүх үйл ажиллагаа нь компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Компанийн тухай хуулиар Тавантолгой ХК-ийн удирдлагын эрх мэдэл, томилгоо зэрэг нь Төлөөлөн Удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хурлийн бүрэн эрхийн асуудал бөгөөд улс төрөөс огт хамааралгүйгээр аж ахуйн үйл ажиллагаа нь явагдах учиртай.

 

Тавантолгой ХК нь үр ашиг сайтай ажиллаж байгаа уул уурхайн цөөхөн компанийн нэг бөгөөд 2017 оны дүнгээр 184,3 тэрбум төгрөгийн татварыг төсөвт оруулж, 51 хувийн хувьцаа эзэмшигч Өмнөговь аймагт гэхэд 65,9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваариласан байна. Ашигтай ажиллаж байгаа орон нутгийн өмчит компанийг орон нутгийн иргэдээс сонгогдсон улс төрчид муучилж харлуулах, улмаар үйл ажиллагааг нь тасалдуулж, олох ёстой орлого, төлөх учиртай татварыг нь үгүй хийх нь аймгийн нийт иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хөндөж байгаа хэрэг бөгөөд нэр дурдагдсан улс төрчдийг явцуу сонирхолдоо хөтлөгдсөн бусармаг үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.

 

Тавантолгой компани хэвийн үйл ажиллагаандаа орж чадахгүйгээс учрах хохирол, тасалдах орлого, гарах үр дагаварыг УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар бүрэн хариуцах ёстой. Та бүхнийг орон нутгийн өмчит Тавантолгой компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болохгүй байхыг уриалж байна. Манай компани ашигтай ажиллабал хожих тал нь Өмнөговь аймгийн нийт иргэд юм. Иргэдийн санал, дэмжлэгээр сонгуульт албан тушаалд хүрчихээд иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулахыг байхыг та бүхэнд сануулж, шаардаж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нарын зүгээсТаван толгой хувьцаат компани, түүний удирдлагуудыг нэр цохон  удаа дараа баримтыг гуйвуулсан, баримтгүй ноцтой гүтгэлэгүүдийг тараасаар байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, тараасан” үйлдэл болох тул хуулийн байгууллагад хандаж шалгуулахыг мэдэгдэж байна.

 

Тавантолгой ХК

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Түүх ийм мэдэгдэлийг 2023 онд тулгаж гаргасан эзэдүүдэд хариуцлага тооцож нийтэд шившигийг нь дэлгээрэй.
2022-12-28