Өөдрөг ТӨСӨӨЛӨЛ бүхий ирэх оны ТӨСӨВ
2018-10-01

Намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн хугацаатай асуудал бол ирэх оны Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, төрөөс нийгэм, эдийн засгийн талаар баримтлах үндсэн чиглэл.

 

Энэ дагуу Монгол банк,  Засгийн газар хуулийн хугацаанд 2019 оны улсын төсвийн төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Өнгөрсөн хоёр жилд, энэ жил ч эдийн засаг алгуур сэргэсээр ирсэн гэж эдийн засагчид, эрх баригчид, олон улсын  байгууллага ч тоон баримттайгаар дурддаг.

 

Тэгвэл ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл  эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.  Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч байгаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгаа ч Монголбанкны 2018 оны зорилтот түвшинд хадгалагдахаар байгаа аж. Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзжээ.  Үндсэн чиглэлд “Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулна” хэмээн тусгасан байна.

 

Харин Засгийн газрын боловсруулсан Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,7 их наяд буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11,6 их наяд  төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцжээ. Ирэх онд Засгийн газар “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ нь эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн аж.  Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэнэ. Засгийн газар Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1,7 их наяд төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэх болно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон.

 

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг нэмэгдүүлж, 189 тэрбум төгрөг төсөвлөлөө. Ингэснээр аймаг бүрт 8-10 тэрбум төгрөгийг нэмж тусгагдах гэнэ. “2019 оны төсөвт мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор 41 тэрбум төгрөг тусгасан. Ингэснээр боловсон хүчний харьцааг тэнцвэржүүлэх боломжийг нээж өгч байна” гэж Сангийн сайд ирэх оны төсвийн онцлогт багтааж байна лээ.

 

Жил бүр улсын төсвийг хэлэлцэх үед тэтгэвэр, төсвийн байгууллагынхны хамгийн их чих тавьдаг зүйл нэмэгдэл. Ирэх онд цалин, тэтгэврийг нэмнэ гэдгээ Засгийн газар эрт зарласан байсан. Тиймээс ч цалин, тэтгэвэр, халамжийг нэмэхээр 720 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна. Харин дээр төсөв батлагдсаны дараагаар хэдэн хувиар хэрхэн нэмэх нь Засгийн газрын мэдлийнх хүрээнийх юм.

 

Ийнхүү намрын чуулган эхэлж,  ирэх жилийн улсын төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлэг өрнө. Ер нь сонгуулийн өмнөх жил аль ч үеийн эрх баригчид төсвийг өөдрөгөөр төсөөлдөг.  Учир нь сонгуулийн жилийн өмнөх Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямар байхыг ирэх оны төсвөөс ерөнхийдөө харагддаг. Тэгээд ч сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан ажлуудаа хэрэгжүүлэх сүүлийн боломж ч гаж хардаг. Ямартай ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийгэм рүү чиглэсэн томоохон ажлууд нэлээдгүй тусгасан байна лээ. Тухайлбал, 2019 онд улсын төсвөөр 1.366 их наяд төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр төсөвлэжээ. Үүнд нэлээдгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийг шинээр барих болон өргөтгөнө. Эрүүл мэндийн даатгалын санг цахимжуулж, иргэн бүрийн мэдээллийг багтаана. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг ч нэмэгдүүлсэн. Нефть боловсруулах үйлдвэр барих, Дарханы зам, Налайхын зам, эмнэлэг барих зэрэг ажил гадаадын зээл тусламжаар хэрэгжээд явна. гэх мэт. Иргэд бидний хувьд цаасан дээр баталсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын их ажлууд амьдралд хэрхэн хэрэгжиж, иргэдийн амьдралд хэрхэн үр дүнгээ өгч байгаагаар нь дүгнэдэг. 

 

Тиймээс ч ирэх жил нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаа  ямар байхаас 2020 оны сонгуулийн үр дүн ч хамаарна.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Happy:
Happy Mongolian country.
2018-10-07