Сурагчдад ухаалаг утасны хэрэглээг хориглолоо
2018-10-01

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжинэ. Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд багтсан энэ хязгаарлалт хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

 

Монгол Улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99,7 хувь нь гар утас хэрэглэж байна.  БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас 71,8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54,6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Тэгвэл гуравдугаар ангийн хүүхдүүдийн 40,8 хувь, тавдугаар ангийнхны 68,3 нь мөн л ухаалаг утастай гэж хариулсан байна. Гэтэл гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир 12 нас хүртэлх хүүхдэд аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөсөөр байна.

 

Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа гэв. Тэгвэл Улаанбаатар дахь нийт сурагчдын 96,9 хувь нь нүүрном /facebook/-ын хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь өөрийн гэсэн хаягтай тогтмол хэрэглэдэг болжээ. Улсын хэмжээнд хүн амд ногдох нүүрномын хуудас хэрэглэгчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас 2,1 дахин,  Ази тивийн улс орнуудаас 3,6 дахин их байна.

 

Эдгээр үзүүлэлт нь хүүхэд багачууд, өсвөр үеийн сурагчдыг цахим хэрэглээний аливаа сөрөг үр дүнгээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэнийг илтгэж байна. Эхний алхам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явцад ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах шийдвэр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хязгаарлалт үйлчлэхгүйн дээр хичээлийн бус цагаар болон сургалт хүмүүжлийн зорилготой үйл ажиллагааг ухаалаг утсаар дамжуулан явуулахыг хориглоогүй. Онцгой шаардлагатай үед сурагчдын эцэг эх сургалт явуулж буй багш нарын гар утсаар дамжуулан хүүхэдтэйгээ ярьж болохоор тогтоолд тусгасан байна. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин